-УИХ-ын гишүүн асан Д.Ганбат өөрийн эзэмшлийн “Техник импорт” компанитай шууд гэрээ байгуулж, санхүүжилт олгохыг албан бичгээр шаардан авчээ-

Монголчуудыг хамгийн ихээр хөл хөдөлгөөнд оруулдаг сонгуулийн жил эхлэх гэж байна. Энэ оны төгсгөл УИХ-ын сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа горилогчид болон одоогийн УИХ-ын гишүүд өөр өөрийн гэсэн далд амбицуудаа гаргаж эхэлсэн.

Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож АН-ын дарга С.Эрдэнэ орон нутгагт ажиллаж төрийн одон медалиуд тараажээ. Тухайлбал, олноо “Бидон” нэрээр танигдсан УИХ-ын гишүүн асан Д.Ганбат яаж энэ завшааныг алдах вэ гэсэн шиг намын даргыгаа төрсөн нутаг болох Баянхонгортоо урьж нэлээд олон хүнд төрийн одон, медаль гардуулж сонгогчдынхоо сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж ирэх онд саналыг нь өөрийн болгохоор зорьжээ. Ийнхүү нутгийн зон олноо төрийн дээд одон медалиар сэтгэлийг нь хуурсан хэрэг.

Яг үнэндээ "Бидон" гэх тодотголтой гишүүн асан өмнөх паралментад сууж байхдаа Баянхонгорчуудын төлөө яг ямар ажил хийсэн бэ гэдэг нь тун эргэлзээтэй.

Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр төсвийн нэг тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэгт холбогдож, дуулиан тарьж байсан. Тодруулбал, 2012-2016 онд Засгийн газраас "Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлж байв. Энэхүү зорилтын хүрээнд төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр аливаа бараа, үйчилгээг худалдан авахдаа заавал сонгон шалгаруулалт буюу тендер зарлах ёстой.  Гэтэл Д.Ганбат дур мэдэн, дээрх тендерийг зарлуулалгүй төсвөөс нэг тэрбум төгрөг хувьдаа завшсан үйлдэл гаргасныг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал асан С.Чойноровт хандсан албан бичиг нь нотолдог юм. Хамгийн асуудалтай нь тэрбээр өөрийн эзэмшлийн “Техник импорт” компанитай шууд гэрээ байгуулж санхүүжилт олгохыг шаардсан албан бичиг юм. Тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 1999 оноос хойш “Техник Импорт” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2012 он хүртэл тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад гишүүн болж байсан түүхтэй нэгэн билээ. Ийм л ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр төсвийн нэг тэрбум төгрөгийг хээв нэг “хусчихаад” өнөөдөр ямар ч ял зэмгүй явж буй нь хачирхалтай.

Д.Ганбат, С.Чойноровт хандсан албан бичигтээ "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу нээлттэй тендер шалгаруулах шаардлагагүй бөгөөд биднээс явуулсан албан бичгүүдийг үндэслэн “Өсөх үе” ХХК, “Ти Ай Ложист” ХХК, “Мебат” ХХК, “Хан Теч” ХХК, “Техник Импорт” ХК-тай шууд гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож өгнө үү. Уг төслүүдийг хэрэгжүүлэх аж ахуй нэгжийн дунд нээлттэй тендер шалгаруулах шаардлагагүй бөгөөд асуудал үүсвэл УИХ гишүүн Д.Ганбат миний бие бүрэн хариуцах болно. Санхүүжилтийг яаралтай шийднэ үү” гэсэн албан бичгийг явуулж байв. /Доорх баримтаас харна уу/

Үүгээр ч зогсохгүй тэрбээр дээрх албан бичгийг явуулсан өдөртөө багтааж С.Чойноров захирлын 2014.12.24 өдрийн А/96 тоот "Гэрээний санхүүжилт хийх тухай” тушаалыг батлуулж нэг тэрбум төгрөгийг салбарын төвлөрсөн хөрөнгөнөөс гаргахыг тушаажээ. Уг нь энэхүү 1.0 тэрбум төгрөг нь шинээр ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зориулалтайгаар төсвөөс гаргасан хөрөнгө байсан аж. Өөрөөр хэлбэл, мань хүн төсвийн нэг тэрбум төгрөгийг бидон болгож, зориулалтын бусаар ашигласан уу гэж хардаж буйг нуух юун.

Мөн түүний тараасан бидон өнөөдөр Баянхонгор аймагт шинэ ажлын байр бий болгож иргэдийн орлого нэмэгдүүлсэн үү гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй гэдгийг баттай хэлэх байна.

Өнөөдөр Монгол Улс саарал жагсаалтад орох нэг шалтгаан нь энэ мэт төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж ард түмний амьдралыг доройтуулахад хүргэсний нэг шалтгаан нь. Угтаа бол Д.Ганбатын энэ үйлдэл нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж “Тендер зарлах шаардлагагүй, би өөрийн биеэр хариуцна, санхүүжилтийг яаралтай шийдвэрлэнэ үү” хэмээн том толгойлсон нь хуулийг хэрхэн үнэгүйдүүлж байгааг харуулж байна.

Тиймээс хуулийнхаан төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан Д.Ганбатад холбогдох энэ мэт асуудлыг шалгаач.

Р.Саруул 

http://erennews.mn/article/27336