“Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарч, нэг ажилтан дахин амиа алдсан байна. Осол өнөөдөр 13 цагийн орчимд гарсан бөгөөд экскаватор угсрахаар кранаар өргөх явцад трос тасарч, 26 настай ажилтны дээр унан, газар дээрээ амиа алджээ.

Энэ удаагийн осол Булган аймгийн Бүрэгхангай суманд гарчээ. Ослын газар аймгийн цагдаа нар ажиллаж байгаа аж.      

Энэ оны хоёрдугаар сарын 28-нд тус компанийн дөрвөн ажилтан ажлаа хийх явцад амиа алдсан юм. Уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон техник, тоног төхөөрөмж дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, тэднээс гадна дөрвөн ажилтан шороонд дарагдсан байсан билээ.