Өглөө ирэх бүрийд ажлын ширээн дээр дор хаяж нэг урилга байна. Өнгө будаг, хэмжээ загвар, хэвлэсэн материал, хийц дизайнаараа урд хойноо орон уралдан тэмцэлдэх тэдгээр урилгуудыг бас гоёмсог хэвлэсэн нэрийн хуудаснаас эхлээд сэтгүүл, танилцуулга, бүр ном хүртэл дагалдана.

Албан байгууллагын ой, Алтангадас одон авсан найр, номын нээлт, насны ойгоос эхлээд Авлигатай тэмцэх өдрүүд, багшийн, эмчийн, хуульчдын, санхүүчдийн, уурхайчдын, инженерүүдийн, шинжлэх ухааны ажилчдын…. ээлжит болон ээлжит бус их хурлууд, бас бага хурлууд, хэлэлцүүлэг, зөвлөлгөөн, семинарууд…

Энэ бүх хурлууд дотроо бас ангилалтай, гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлгөөн, түүний дотор цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цагаан захтны гэмт хэрэгтэнтэй тэмцэх, зам тээврийн осолтой тэмцэх, малын хулгайтай тэмцэх, машины хулгайтай тэмцэх, хүүхдийн гэмт хэргийн эсрэг, хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, архидалттай тэмцэх, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, халаасны хулгайн эсрэг, … гэх мэтээр салбарлаж хуралдана.

 

Эмч нарын хурлууд гэхэд л мөн их хурлаасаа эхлээд эх барихын салбараас өгсүүлээд элэг бөөр, эрүү нүүр, зүрх судас, чих, хамар хоолой, сэтгэцийн эмгэг, сээр нурууны өвчний хурал… гэх мэтээр эрхтэн тус бүрээр хуваагдаж хуралдахаас гадна анхан шатны тусламж, хоёрдогч гуравдагч шатлалын тусламж үйлчилгээний салбар үүсч хөгжсөний… гээд захиргааны шатлалаараа бас хуваагдаж ой тэмдэглэж баярын хурал хийх ажил гарна. Бүх, бүр БҮХ салбар ийм гээд бод доо!

 

Тэгээд болоогүй дээрээс нь олон улсын хурлууд нэмэгдэнэ. АСЕМ-аас эхлээд Ардчиллыг сэргээн тогтоосон орнуудын бага хурал, Азийн динозаврын холбооны их хурал, Ногоон эдийн засаг ОУ-ын хурал, нотариатчидын анхдугаар зөвлөгөөн, Азийн эмэгтэйчүүдийн их хурал, Архинд донтогчдыг судалсан тухай зөвлөлгөөн, Америкт төгсөгчдийн үндэсний бага хурал, Торгоны замын ажлын хэсгийн хурал, томоохон хөрөнгө оруулагчийг үргээхгүй байх зөвлөлдөөн, Азийн цус сэлбэлтийн холбооны, Америк-Монгол найрамдалт харилцаа тогтоосны, Хөхөөр хүүхдээ хооллохын ач холбогдол, хөрөнгө оруулагчдын тогтвортой орчны, Уур амьсгалын өөрчлөлтийн хурал, Утаатай тэмцсэн туршлага судлах хурал, Жангар судлалын бүс нутгийн хурал, “Жаргалтай Улаанбаатар” нийслэлчүүдийн зөвлөлгөөн, за тэгээд цаашаа “Эрх мэдэл ба Үндсэн хууль” семинар, Эмнэлгийн тусламж үйлчилгээ үүссэний ойн хурал, “Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний хурал, “Дорнодын боловсрол” бага хурал, ДОХ-той тэмцэх их хурал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын хурал, “ЗөвхөнМонголдоо” үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлэг, Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хурал, Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хурал,…

Аль болох олон хүнтэй, сайхан тайзтай, сайн хөгжим, хөтлөгчтэй, бас хөтөлбөртэй байж хурал шиг хурал болно. Хөдөө хотоос олон өнгийн оролцогчид байвал сайн хуралд тооцогдоно. Аймгуудаас ирэх төлөөлөгчдийн ирэх очих замын зардал, зочид буудлыг даана. Гадаадын зочид төлөөлөгчдийн мөн л унаа, буудал, хоол, бэлэг сэлт… хурал зохион байгуулах заал, оролцогч бүхэнд тараах цүнх тор, үзэг бал, дэвтэр, танилцуулга, хүзүүний алчуур, энгэрийн тэмдэг, цайны аяга, цаасны хутга, номын хавчуурга, ноолууран ороолт, цайны завсарлагын зууш, цай, кофе, ус ундаа, бялуу жигнэмэг, зураг авахуулах, оройн хүлээн авалтын тансаг ресторан… Энэ бүхэн бас л уралдан тэмцэлдэнэ.

Төрийн ордонд хийвэл өндөр зэрэглэлийн, Шангрилад хийвэл дээд зэрэглэлийн. Тэрэлжид хүлээн авбал тансаг зэрэглэлийнх. Даавуун уутанд материалаа хийвэл яахав дээ, дарайсан арьсан цүнхтэй тараавал давгүй хурал. Дээрээ бичиг сийлсэн болохоор цагаан сараар хүнд өгч болдоггүй дэмий баахан хураалттай цүнхнүүд хог болж шүүгээнд хэвтэх.

 

Үр дүнг нь үнэндээ би олж хардаггүй ээ. Модератор, панелистууд гэрэлтэй тайзанд цэмцгэрхэн сууж өмссөн зүүснээрээ, өнгө зүсээрээ уралдана, хэдхэн илтгэгчдийн хэн нь ямар график ашиглаж танилцуулга хийснээрээ бас уралдана. Хэн олон хэвлэл мэдээлэл авчирвал хэрэг нь ёстой гарч байгаа нь тэр дээ. Онцгой чухал царай гаргаад орой зурагтаар гарчихвал олон хоног бэлтгэсний үр одоо л гарч байгаа нь тэр.

 

Ач холбогдолтой, холбогдолгүй энэ бүх арга хэмжээнд нөгөө л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав гурвуулаа илгээлт, мэндчилгээгээ явуулна. Заримдаа улстөржиж ерөнхий сайдынхаа мэндчилгээг төрийн тэргүүнийхээ мэндчилгээний өмнүүр чихэх гэж зүтгэнэ, их юм болно оо цаана нь. Уралдаан тэмцэлдээнгүй юм гэж энэ улс оронд бүр байхгүй болсон шүү дээ!

Дотооддоо барагдаж өгөхгүй, сууж дуусахгүй энэ олон хурлаас гадна гадаад руу бөөн бөөнөөрөө мөн л хурал, зөвлөгөөн, семинарт явцгаана. Эмэгтэйчүүдийг эрх мэдэлтэй болгох, ээж нь хүүхдээ мөөмөөрөө хооллох, авлигатай хэрхэн тэмцэх, ардчиллаа хэрхэн бэхжүүлэх, хар тамхичидтай хэрхэн тэмцэх, харшил яагаад дэлхийд нэмэгдээд байгаа тухай, сэргээгдэх эрчим хүчийг яаж ашиглах, сексийн боловсролыг дээшлүүлэхийн чухал, усыг хэрхэн зүй зохистой ашиглах, угаарын хийг яаж багасгах, төсвөө хэрхэн зөв батлах, төрийг хэрхэн хүчгүй болгох…. гэх мэтийн хурлууд дэлхий даяар зохион байгуулагдах хийгээд гишүүн, сайд, иргэдийн төлөөлөгчид, төрийн болон төрийн бусын төрөл бүрийн албан хаагчид зуу зуугаараа онгоцны бизнес, экономи клас суудал, таван одтой зочид буудал, тансаг ресторан, брэнд моолоор зугаацах халаасны мөнгөө гаргуулан зорчино доо. Төрийнхөн төсвөөс гаргуулна, төрийн бусынхан тэжээгчдээрээ даалгана.

Төрийн ажил бол ерөөсөө л дотооддоо нэг хэсэг нь хурал зохион байгуулах, нөгөө хэсэг нь чухал царайлан түүнд оролцох. Бас гадаадад хуралдах.

Тэр байтугай бидний энэ хэлбэрдсэн тэмцэлдээнийг гаднынхан хүртэл олж мэдчихээд бидэнд мэх хэрэглэж сурчээ. Нэгэн олон улсын байгууллагын төлөөлөгч хүнээр дамжуулан хэлүүлж байна аа: “Хүчирхийллийн эсрэг аян дуусахаас өмнө Ерөнхийлөгч энэ талаар амжаад олон нийтэд хандсан үг хэлэх болов уу? Бид Ерөнхий сайдтай холбогдсон, ОХУ-аас ирмэгцээ үг хэлнэ гэсэн. Ерөнхийлөгч дуугүй байх дэмий юм уу гэж бодлоо…” Нөгөө дамжуулагч хүн бүр “Хүк ирээд л шоудаад аваад явчих байх даа. Уул нь Ерөнхийлөгч энэ чиглэлээр тасралтгүй эрчтэй ажиллаж байгааг хараад л байгаа. Хүк ирээд л энэ бүхнийг өөрийн юм шиг л яриад өөртөө наагаад л явчих байх даа, тээ?!”

Түүнийхээр би сандарч Ерөнхийлөгч рүү давхиж орох нь л дээ. Ерөнхийлөгч ийм юмыг даан ч нэг авч хэлэлцэхгүй бөгөөд хурал зөвлөгөөнд бүр нэг дургүй нь яана. Аягүй бол Ерөнхий сайдад яг энэ үгээ “Ерөнхийлөгч үг хэлэх гэж байгаа…” гээд хэлсэн байх магадлалтай. Төрийн дээд өндөрлөгүүдийг нь хүртэл уралдуулж уралцуулж байгаад тайландаа хавсаргах маш сайн зураг, хэдэн өгүүлбэртэй болж аваад, ийм “сайн ажилласан” тул дараагийн санхүүжилтээ ахиухан тавиулах нь л дээ. Сэргэлэн байна.

Гаднаас санхүүжилттэй хэрэгждэг үй олон төсөл хөтөлбөрүүдийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл гэж ерөнхийд нь ангилдаг бөгөөд буцалтгүй тусламжийн хөтөлбөрүүдийг орхиод хөнгөлөлттэй зээлүүдийг жагсааж харвал манайд ач холбогдолгүй, цөөхөн хэдэн хүнд өндөр цалин, хурал семинар, ном товхимлын зардал болж зарцуулагдаад эцэст нь Монголд өр болж үлддэг нь дийлэнх байв. Тэр бүхнийг зогсооход Монголын өр нэг их наядаар багасах тооцоо гарсан юм. /Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын Төсвийн хяналтын орон тооны бус зөвлөлөөс гаргасан тооцоо/

Энэ бүх төсөл, хөтөлбөрүүд өндөр цалин авч байгаа ЦААД газартаа “сайн ажилласан” тайлангаа гаргаж өгөхийн тулд хурал семинар, хэлэлцүүлэг зөвлөлгөөнийг харамгүй зохион байгуулж, маш сайн чанартай хэвлэлттэй зузаан зузаан товхимлуудыг хэвлэж өгнө дөө. Энэ олон сая долларын төсөл, хөнгөлөлттэй зээлээс манайд үлддэг юм нь ердөө л энэ зузаан ном, товхимлууд.

 

Аан тийм, бас нэг чухал юм үлддэг, тэр бол хурал зохион байгуулах чадвар юм байна шүү. Манайхан одоо ямар ч хурал, семинар, хэлэлцүүлэг, зөвлөлгөөнийг хэнээс ч дутуугүй зохион байгуулж сурсан бөгөөд том сайхан конференс холлуудтай ч болж байна. Хөгжиж байнөө, хэдүүлээ.

Энэ бүх хурлууд юуны завсар зайгаар амжиж болдог гэж та нар бодож байна даа. Бүтэн жилийн турш болдог тасралтгүй баяр, тэмдэглэлт өдрүүдийн завсраар амжиж зохион байгуулагдана.

Монголд жилийн турш тэмдэглэдэг тэмдэглэлт өдрүүдийг жагсаавал:

01.01 Шинэ жил

01.13 Үндсэн хуулийн өдөр

01.31 Иргэний нийгмийн өдөр

02.07 Багш нарын өдөр

02.14 Гэгээн Валентины өдөр

02.17 Цагаан сар

03.01 Эх орончдын өдөр

03.06 Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр

03.08 Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

03.18 Зэвсэгт хүчний өдөр

03.22 Наурызын баярын өдөр

03.22 Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр

03.23 Усны өдөр

03.27 Олон улсын театрын өдөр

04.01 Олон улсын инээдмийн өдөр

04.07 Эрүүл мэндийг хамгаалах өдөр

05.01 Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр

05.03 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

05.07 Олон улсын дуурийн өдөр

05.10 Байгаль хамгаалах өдөр

05.15 Гэр бүлийн өдөр

05.24 Иргэний агаарын тээвэрчдийн өдөр

06.01 Эх үрсийн баяр

06.07 Бурхан багшийн их дүйчэн өдөр

06.20 Онцгой байдлын албаны өдөр

06.28 Тамирчдын өдөр

06.28 Хуульчдын өдөр

07.05 Хоршоологчдын өдөр

07.11-07.13 Үндэсний их баяр наадам

07.19 Цагдаагийн өдөр

07.19 Авто тээвэрчдийн өдөр

07.26 Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн өдөр

08.02 Төмөр замчдын өдөр

08.08 Аавуудын өдөр

08.09 Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр

08.16 Эрчим хүчний ажилтны өдөр

08.25 Залуучуудын өдөр

09.01 Эрдмийн баяр

09.06 Барилгачдын өдөр

09.11 Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр

09.13 Соёл, урлагийн ажилтны өдөр

09.13 Үндэсний татварын ажилтны өдөр

09.17 Хилийн цэргийн өдөр

09.27 Аялал жуулчлалын өдөр

10.01 Ахмадын баяр

10.01 Хөгжмийн өдөр

10.05 Монголын оюутны өдөр

10.09 Дэлхийн шуудан холбооны өдөр

10.11 Нийтийн аж ахуйн үйлчилгээний өдөр

10.14 Стандарт, хэмжилзүйн ажилтны өдөр

10.18 Геологчдын өдөр

10.20 Гаалийн ажилтны өдөр

10.25 Авто замчдын өдөр

10.29 Монгол улсын нийслэлийн өдөр

11.07 Хөдөө аж ахуйн ажилтны өдөр

11.22 Шинжлэх ухааны ажилтны өдөр

11.26 Монгол улс тунхагласны баяр

12.01 ДОХ-ын эсрэг өдөр

12.05 Архивын ажилтны өдөр

12.10 Ардчилал, хүний эрхийн өдөр

12.13 Санхүү, эдийн засагчдын өдөр

12.13 Хүнсний аж үйлдвэрийн ажилтны өдөр

12.20 Худалдааны ажилтны өдөр

12.25 Монголын уурхайчдын өдөр

12.28 Киноны өдөр

12.29 Дипломат албаны өдөр

Эмч, эмнэлгийн ажилтнуудын баярын өдөр, мэдээллийн технологийн ажилтнуудын өдөр, лесби гомо бисексуал трансжендерүүдийн өдөр, сүрьеэтэй тэмцэх өдөр, аутизмтай тэмцэх өдөр, гэрэл зурагчдын өдөр, морин спорт-уяачдын баяр, мото спорт сонирхогчдын өдөр, Чингис хааны төрсөн өдөр, чимээгүй цагаан таягтны өдөр…. гэх мэтээр манайд тэмдэглэн өнгөрүүлдэг олон өдрүүд дээрх жагсаалтад бас дутуу л байгаа харагдана. Ганц хоёрхон баяртай сар гэж байхгүй шүү дээ.

За тэгээд үүн дээр байгууллагуудын ойн баяр, Баасан эгчийн төрсөн өдрүүд, бүр цаашлаад олон намын их бага, хурлууд, хэвлэлийн хурлууд, шүүх хурлууд, хурал зохион байгуулах хурлууд, хаалттай нээлттэй чуулганы хурлууд…ыг нэмбэл ч… Хурлаас хурлын хооронд зарим хурлаа таслаад, зарим хурлаа зохион байгуулж ч амжихгүй гучин жил хуралдаж амьдарлаа даа хэдүүлээ.

 

Хурал, хэлэлцүүлэгт оролцохоос би лав ичиж аль болох зугатдаг боллоо, сүүлийн үед.

Хэрэв би Ерөнхий сайд байсансан бол энэ бүх баяр, хурал, төсөл хөтөлбөр, зөвлөлгөөн, хэлэлцүүлэг, семинарыг бүгдийг нь таягдаж хаяад төрийн болон, төрийн бус байгууллагынхныг “хуралгүй бол юу хийх вэ?” гэж бодох завтай болгохсон….гэснээс би өнөөдөр “Форбс вомен” Шангрилагийн арга хэмжээнд очиж амжсангүй, сонгуулийн хууль хэлэлцсэн чуулганы хуралдаанаа үзээд!

 

Уул нь бас Биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн сургалт, газрын төлбөрийн мэргэжилтнүүдийн сургалт, Азийн сангийн хэвлэлийн хурал, Махбалын хэргийн шүүх хурал… бас болсон л байна лээ дээ.

Хэт хуралдагсдын ороон гэж…

 

Гантөмөрийн Уянга