УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын гэх “Шорончид болон мөрийтэй тоглоомчид” Баянхонгор аймгийн уяачдын холбоог түйвээх гээд дийлсэнгүй!!!

Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" МСУХ-ноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт хурал зөвлөгөөн энэ сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Тэмүүжин театрт болохоор товлогдсон. Энэ удаагийн ээлжит зөвлөгөөнөөр өнгөрсөн жилийн хийсэн ажлын тайлантай танилцуулж ирэх жилийн төлөвлөгөөг баталдаг боловч хурал ямар ч асуудлыг шийдвэрлэж чадалгүй тарсан байна.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын “тэжээвэрүүд” гэгдэх “Алтны нинжа” гэх тодотголтой шоронтой холбогдож явсан Жанжин Хүрэлсүх, хүн амины хэргээр ял эдлэж байсан Гэрэлмөнх, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Амарсанаа, хар хочит Ганзоо Ганзориг, Бүдүүн хочит Мөнхжаргал АИТХ-ын төлөөлөгч асан, МУАУ И.Золбоо нарын 10 гаруй хүн зохион байгуулалттайгаар хурлыг үймүүлж, рекетлэхийг оролджээ. Эдгээр хүмүүсийн зарим нь Баянхонгор аймгийн нөлөө бүхий хүмүүс бол, зарим нь эрхэлсэн ажилгүй,  мөрийтэй тоглоомчид аж. Тэд сонгуулийн үеэр амилж сонгууль будилуулах ажлыг хийдэг ба ардын нам ялбал алт ухдаг хүмүүс гэдгийг иргэд ярих юм билээ. Бүгд алтнаас хамааралтай болж үлийн цагаан огтоноос ч илүүтэй газар нутгийг ухаж сэндийлж, талхалж дуусгадаг гэдгийг хот хөдөөгүй андахгүй мэднэ. Алт ухаж хөрөнгөжсөн тэд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг аймагт очиход нь хамт мөрийтэй тоглодог гэдгийг Хонгор нутгийнхан мэддэг юм билээ.

Бүдүүн хэмээх хочит Мөнхжаргал нь МАН-ын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан тэрээр Монголын эрчим хүчний зохицуулах хорооны Баянхонгор аймаг дахь төлөөлөгчийн газрын даргын ажлыг хийдэг. Мөн УИХ-ын гишүүн найзынхаа нөлөөгөөр энэ албан тушаалдаа очсон гэлцдэг. Морь мал уяж сүйд болоод байхгүй ч гуйлгаар авсан цолондоо итгэж өөрийгөө уяач хэмээн гүн бат итгэсэн нөхөр. Бүдүүн хочит нь тэжээврүүдийн хамт хурал үймүүлээд зогсохгүй тарсны дараа өөрийн хэдэн хүмүүсийн хамт хурал хийн түүнийг удирдан явуулсан аж. Албан тушаал, мөрийтэй тоглоом, алт гурав хүнийг эвддэгийн нэг жишээ энэ.

Гэрэлмөнх гэгч нь алтны нинжа хийдэг тэрээр хүн амины хэргээр нарсанд орж байсан бараан түүхтэй.

Хар хочит Ганзориг Жанжин Хүрэлсүх хоёр дээр үед гадны иргэнийг залилж хулгай хийж хамт явсан Ганболддоо хэрэг хүлээлгэж шоронд суулгаад тэр чигт нь хаясаныг нутгийн иргэд хүн чанаргүй гэж ярих юм билээ. Тухайн үед Ганзориг нь жил орчим шоронд суугаад гарч ирсэн гэх. Жанжин Хүрэлсүх ч мөн адил шорон оронгоор явж байсан нэгэн.

Мөнхбат Мөөнөө гэгч нь Өмнөговийн гаальд ажиллаж байсан. Л.Элдэв-Очирын сонгуульд яваад албан тушаал ахисан гэдэг.  

Баянхонгор аймгийн засаг дарга асан Д.Амарсанаа нь МАН-ын гишүүн. Мөн л алтанд сонирхолтой нэгэн. Тиймдээ ч 2011 оны хавар тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэгэн алтны компанийн захирал Д-г дарамтлан “Хоёр килограмм алт өг” хэмээн нэхэл дагал болж байсан нь илэрч тухайн үед хэвлэлийн баатар болж байв. Урьд өмнө нь урилга өгөөд ч уяачдаа тоож ирдэггүй байсан тэрээр энэ удаагийн зөвлөгөөнд урилгагүй зочин болон ирж зөвлөгөөнийг үймүүлж, хүмүүсийг турхирч, уяачдын холбооны тэргүүлэгчдийг хэл амаар доромжилсон.

Улсын алдарт уяач И.Золбоо. МАН-ын тамгатай. Ус уудаг худагтаа шороо атгаж хийсэн И.Золбоо албан тушаалтан эрх мэдэлтний төлөө долдойдож нүдээ ухаад өгөхөөс сийхгүй нэгэн. Ямартаа бусад уяачдынхаа амжилтыг өөрийн нэр дээр хуулбарлан бичүүлж залилан мэхлэх замаар цол авсан гэдэг юм билээ. И.Золбоо нь өөрийн “Шандас транс” ХХК-ийн нэр дээр хэдэн машин авч жолооч нарын үйлийг үзэн байж MCS-ийн нүүрсийг ачиж зөөдөг нэгэн гэнэ лээ.

Жанжин Хүрэлсүх гэгч нь 2016 онд Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшиж байсан ч угтаа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирт ойр хүн гэлцдэг. Тиймдээ ч эрхэм гишүүний сонгогдсон тойрог буюу Заг сумын нутаг дэвсгэрт 2016-2018 оны хооронд алт ухан газар нутгийг сэндийлж байхад гишүүнтэн нүд нь балай, чих нь дүлий гэгчээр таг чиг байжээ. Нутгийн иргэд энэ байдлыг “Жанжин гэгч 2016 оны сонгуулиар Л.Элдэв-Очир гишүүний тойрогт ХҮН нам дээр ажиллаж АН-ын саналыг хувааж байсан. Үүнийхээ хариуд тойрогт нь алт ухаж байна” гэж харддаг юм билээ. Үнэхээр “А” лицензтэй хүн ажиллаж чадахгүй байхад гар хоосон Жанжин адууны бэлчээрийг тартагт нь тултал ухаж сүйдэлж байхад эрхэм түшээ чимээгүй байгаа нь яах аргагүй хардлага дагуулж байна. Тэр ч бүү хэл Бөмбөгөр сумын МАН-ын дарга хүртэл алт ухдаг нэгэн байж. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ХАА-н байнгын хорооны дарга байхдаа “Аварга малчин” болгон өөд татсан байна. Товчхондоо алт ухдаг аварга малчин Бөмбөгөр сумаас төрсөн гэсэн үг.

Өдгөө түүний тэжээсэн “Шорончид, мөрийтэй тоглоомчид” даварсаар дагвын орон дээр гэгчээр адууны бэлчээрийг сүйтгэж дуусаад эцэст нь уяачдын холбоог дээрэмдэж авахаар дайрсан ч ажлаа мэддэг, шударга уяачдын эсэргүүцэлтэй тулж дийлээгүй учир эрхэм гишүүн тэднийг “Ганц хүнээс холбоо булаагаад авчихаж чадахгүй арчаагүй” хэмээн загнасан сурагтай.

Нинжа Жанжин гэгч нь хурал болох сургаар уяачдыг “Худалдаж авах”-ыг санаархан архи дарсаар дайлж, замын зардлыг нь хүртэл төлж, гарын мөнгө тараагаад төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнд уур омогоо барьж ядан “Гараад ир, үзэлцье” гэх мэтээр дайрч давшлан орилж хашгаран агсамнажээ. Жанжинг хүн рекетлэх, зодож занчуулахдаа эрүүгийн элементүүдэд хоолны мөнгө төдийхөнийг өгч гар хөлөө болгож сурсан хэмээдэг юм билээ. Тиймдээ ч дэл сул “Шорончид, мөрийтэй тоглоомчдыг” хамж эгнээндээ оруулсан байх.

"Хонгорын хурд" МСУХ-ны тэргүүн өнгөрсөн сард аймгийнхаа бүх сумдаар тойрохдоо нутгийн гишүүдээ магтаж, эв нэгдэлтэйгээр хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалсныг нутгийн олон түмэн нүдээр үзэж, чихээр сонссон боловч магтсан хүүхэн хуримандаа унгана гэгчээр Л.Элдэв-Очир гишүүний зэс нь цухуйлаа. Хонгор нутгийнхан “Хэн нь хэн бэ” гэдгийг мэдэж байгаа учраас нутгаас сонгогдсон хэдий ч хоноцын сэтгэлээр хандаж байгаа Л.Элдэв-Очирын шорончид, мөрийтэй  тоглоомчидын эл үйлдэлд эгдүүцэж, урьд өмнө нь уриад байхад ирдэггүй байсан нөхдүүд урилгагүй зочин болж ирсний цаад зорилго, эзэн хоёрын талаар амтай болгон нь ярьж байна гэнэ. Тэдний зохион байгуулсан энэ түйвээн мэргэжлийн зураглаачийн камерт баримт болж "Хонгорын хурд"-ын архивт түүх болон хадгалагджээ.

Эх сурвалж: Ардчилал.мн