2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 16 хүн ханджээ. Тэд мөн өдөр тавдугаар багийн нутаг дэвсгэрт болсон буяны ажилд оролцсон ба нэг хүн эрчимт эмчилгээний тасагт, 15 хүн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

2019 оны 12-р дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт байрлах “Ти ти жи ви коэл” ХХК-ийн хоолны газарт мөн хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тус сумын сум дундын эмнэлэгт 10 ажилтан хэвтэн эмчлүүлж байна.

МХЕГ-аас дээрх хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгуудын эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандарт, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдалд хяналт тавьж, тархвар судлалын судалгаа, хоол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан. Одоогоор лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна. Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Шинэ жилийн баяр, нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хоол хүнснээс шалтгаалсан өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг тул аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаажилтын баримт бичигтэй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчөөгүй, шошгын зөрчилгүй, эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан хүнсний худалдааны газраас сонгож, зохистой хэрэглэхийг зөвлөж байна. 

Эх сурвалж: МХЕГ