“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн” хэмээн мэдэгдсэн нь дуулиан дэгдээсэн.

Шилжүүлэг хийсэн баримтаа дэлгэж, АТГ болон холбогдох байгууллагуудад нь өгсөн байдаг. Гэвч энэ мэдэгдлийн дараа Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав үүнийг гүтгэлэг, андуурал хэмээн мэдэгдсэн бол хариуд нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Энэ бол мөрдөн байцаалтад явж байгаа асуудал.

Гэхдээ тайлбар хийх хэрэгтэй байх. Энэ 4 сая ам.доллар бол Д.Дорлигжавын авсан мөнгөний тодорхой хэсэг нь. Хууль энэ хяналтын байгууллага дээр бусад бүтэн хэмжээгээрээ шалгагдаж байгаа. 4 сая ам.доллар бол олон нийтэд ил гарсан хэсэг нь” хэмээн тайлбар хийсэн.

Тус хэргийг ийнхүү мэдэгдлээс хойш хуулийн байгууллагууд шалгаж байгаа гэх тайлбарыг өгөөд байсан ч тэд “молиго” өмхүүлжээ. Монгол улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар Ч.Бямбаа нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсныг өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Хэдэн сарын өмнөөс уг хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол улстөрийн хүрээнд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж, сануулж байсан. Гэвч ёртой юм шиг хуулийн байгууллагууд уг хэргийг хэрэг гэж үзсэнгүй.

Энэ талаар Хуульзүйн дэд сайд асан Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Дорлигжавын 4 сая $-н хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсоныг ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар чуулган дээр хэллээ. Ийн түүний 2 шалгагдсан хэрэг хоёулаа Ц.Нямдоржийг сайд байхад хэрэгсэхгүй болов. #УлаанБал-д сануулж байсан ч “сайхан” дарж байгаад хүслээ гүйцэтгэлээ” хэмээсэн байна.

Эх сурвалж: http://tvmongolia.mn