Иргэний хөдөлгөөн гэдэг иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж тэмцэх ёстой байгууллага юм. Тэд тэтгэврийн нас уртасгасны, НДШ нэмэхийн эсрэг, автомашины автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлсэн татварын эсрэг тэмцэж байх учиртай. Дэлхийн жишиг ч ийм байдаг.

Францын иргэний хөдөлгөөнийхөн тэтгэврийн насыг уртасгасныг эсэргүүцэж 100 гаруй хотдоо жагслаа. Хонконгт ялтан шилжүүлэхийн эсрэг хэдэн сарын турш тэмцлээ. Тэд иргэдийнхээ төлөө, тэдний зөрчигдсөн эрх ашгийн төлөө нэгдэж байна. Харин манайд иргэний хөдөлгөөн гээч зүйл гажуудаад, зүг чигээ алдаад уджээ.

Үнэн хэрэг дээрээ манай иргэний хөдөлгөөнийхөн иргэдийнхээ бус улс төрчдийн төлөө л байдаг. Улс төрийн нэг бүлэглэлээс нөгөө бүлэглэлд нь эрх мэдэл өгөхийн төлөөх тэмцэлд л дэм болсоор ирж. Тэдний гар хөл, утсан хүүхэлдэй нь болдог гэсэн үг. Жагсаал цуглааны түүхүүдийг эргээд санацгаая л даа. “Ахмадын холбоо”-ны гэх иргэний хөдөлгөөний Г.Баасан гэж эмэгтэй байв. Тэрээр ордон руу дайрч, цагдаа балбаж, мөрдсийг нь хуулж явсан цаг саяхан. Хүмүүс төрөө ингэж ч болохгүй дээ гэж ч бодож байсан уу дурамжхан л байсан. Г.Баасангийн энэ “ширүүн” тэмцэл ямар үр дүнд хүргэсэн бол. Та юу гэж бодож сууна. Лав түүний жагсаал цуглаан ахмадуудад овойж оцойтол хэрэг болоогүй. Ахмадуудын нэрийг барьж дур зоргоороо аашилсан түүний энэ тэмцэл эцэстээ улс төрийн нөлөөтэй байсан нь ил болсон юмдаг. Миний санахаар тэр өөрөө л нийгэмд танигдаж, амьдрал нь нүдэн дээр дээшилж, алба хаших болсон.

“Фэнг Шү” С.Ганбаатар, Ж.Батзандан нарын тэмцлийг ч энд нэрлэж болно. Тэд Монгол Ардын намын байр руу дайрч эзэлж аван, тугийг нь урж байлаа. “Намын байрыг нь эзэлчихлээ. Одоо бид төр засгийг удирдах болно” гэцгээж албан тушаалаа цаасан дээр хуваарилцгааж байсныг бид мартаагүй ээ. “Чи чинь хэн билээ. Аа тэр мөн үү. За чи тэр албан тушаалд очно шүү” гэж шаагилдацгаасан нь ч бий. Тэд тэмцлийнхээ үр дүнд УИХ-ын гишүүд болж, Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өндөр дээд суудалд заларцгаагаад амжсан.

Үүний дараагийнх нь “Буутай тэмцэл” гэгддэг Ц.Мөнхбаяр нарын иргэний хөдөлгөөн. Төрийн ордон руу буугаа шагайж гэтсэн тэрээр “Бид хүссэн бол төрийн ордныг үнсэн товрог болгох байлаа” гэсэн удаатай. “Шударга” таван гишүүний тэмцэл байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр төсвийн хөрөнгөөр жагсагчдыг цуглуулаад л, М.Энхболд огцорчихвол амьдрал сайхан болно гэцгээсэн. Түүнээс хойш амьдрал сайжирсан уу. Нэг хэсэг улс төрчид л хоолонд хүрцгээсэн. Хамгийн сүүлд “Монголын үндэсний фронт” гээч иргэний хөдөлгөөн гарч ирэв дээ. Хоорондоо ч учраа олж чадаагүй генерал, тоймч хоёр энэ хөдөлгөөнийг манлайлсан. Тоймч нь Төрийн ордныг нурааж эсгий гэр барьчихаад тойрон бүжиглэе гэсэн байх шүү. За тэгээд Оюу толгойн эсрэг байнга тэмцдэг Жагар, Таван толгойн үйлдвэрчний эвлэлийн дарга, өөрийгөө шатаадаг Эрдэнийн тэмцэл гээд цааш хөвөрнө л дөө.

Үнэн хэрэг дээрээ тэдний хүсэл зорилго юунд байв аа. Үр дүн нь хаана байна вэ. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын нэмэгдэл, тэтгэврийн насыг уртасгах шийдвэр, агаар, хөрсний бохирдол, түгжрэл, ажилгүйдэл, ам.долларын ханшны эсрэг лав тэд тэмцээгүй. Гагцхүү хувийн болоод улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө жагсаал хэмээх жүжиг тавьсан. Эргээд бодоод байхад хувийн эрх ашиг болоод улс төрийн нэг бүлэглэлийг дээш нь гаргахын төлөө л тэмцсээр ирж. Энэ олон жагсаал, тэмцэл, өлсгөлөн, өөрийгөө шатаалтын ачаар ард түмний амьдралд нэг ч гэрэлтэй өөрчлөлт гараагүй нь үүнийг нотлох биз ээ.

Угтаа манай улсад тэмцэхээр зүйлс мундахгүй их ээ. Зах зухаас нь ч дээр дурдлаа. Харамсалтай нь тэр бүрийд иргэд дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж чадахаа байчихжээ. Жүжиг тавьсан хэдэн нөхөд нь иргэний хөдөлгөөний нэрийг шавартай нь хутгачихсан учир иргэдийн урам хугараад тэмцэл хөдөлгөөн хийхээ больчихсон хэрэг. Жагсаал цуглаан ямар ч хэрэггүй, худал, хуурмаг, хэн нэгэн улс төрч, аливаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө байдаг юм гэх ойлголтыг гүн бат суулгачихаж. Иргэд “Тэрнийг гишүүн болгох гэж, түүний ажлыг бүтээхийн тулд би тэмцэх юм уу. Ёстой гонжийнжоо байлгүй” гэж бодох болсон байна. Ийм байдалд хүргэсэн хүмүүс бол дээрх нөхдүүд мөнөөс мөн. Жагсаал цуглааны үе үеийн “баатрууд” болсон тэд иргэдийн урам зоригийн ийнхүү мохоожээ. Тэд бол иргэний эрх ашгийн төлөө тэмцэх иргэний нийгмийн хөдөлгөөний алуурчид юм аа.

Хамгийн чухал нь энэ тэдний үнэн нүүр царайг 30 жил дагаж гүйж, жагсаж, тэмцэж, урам нь хугарч, хэрсүүжсэн ард түмэн мэдэхтэйгээ болжээ. Манай иргэний хөдөлгөөнийхөн жагсаал хийхдээ тэмцэл хэмээх жүжгээ үргэлж хэтрүүлэн тоглодог болохоор ард түмэн андахаа больсон байна. Ордныг нураана, гишүүдийг чирж гаргаж, баривчилна, ална хядна гэсэн хийрхэлүүд нь иргэний хөдөлгөөнийхний нэр хүндийг унагачихсан. Иргэдийн хөдөлгөөн гэдэг харгис зүйл гэж ойлгосон ард түмэн тэдэнтэй нэгдэн нийлэхээ больсон. Дэмжихээ байгаад ч удаж байна.

Ер нь ч иргэдийн аяган дотор боорцогны тоо нэмэгдэхгүй л бол ямар ч тэмцэл байгаад нэмэргүй л дээ. Угтаа иргэний хөдөлгөөн шиг хэрэгтэй зүйл хүмүүсийн нийгэмд байхгүй. Ардчилсан нийгэмд байх ёстой хамгийн чухал зүйл бол иргэний хөдөлгөөн. Хэдий дээрх “алуурчдаас” болж иргэний нийгмийн хөдөлгөөний нэр хүнд унасан ч жинхэнэ ёсоор нь бий болгож, улс төрийн бус иргэдийн эрх ашгийн төлөө тэмцдэг болмоор байна.

Өчигдөр авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмж байгааг эсэргүүцэж хэдэн жолооч жагслаа. Тэмцэл ийм л байх учиртай юм. Учир нь тэд улстөрчдийн бус иргэдийнхээ төлөө тэмцэж байгаа юм. Иргэдийн төлөөх ийм тэмцлийг хүмүүс үргэлж дэмжинэ. Улс төрийн өнгө аясгүй иргэдийн төлөө л байх юм бол жагсагч, дэмжигчид өдөр бүр нэмэгдэнэ.

Тэр ч утгаараа уг тэмцэл үр дүнгээ ч өгч магадгүй шинжтэй байна. Учир нь Ерөнхий сайд Хотын даргыг дуудаж уулзан энэ шийдвэрээ эргэн харах үүрэг өгөөтөхлөө. Ийм л үр дүн авчрах ёстой юм. Ингээд харахад иргэд улс төрийн төлөө бараг тэмцдэггүй юм байна шүү дээ. Ингээд харахад жирийн иргэд улс төрийн төлөө бараг тэмцдэггүй юм байна. Өөрсдийн эрх ашгийн төлөө, төр засгийн буруу шийдвэрийн эсрэг л тэмцдэг юм байна. Гэхдээ ард түмний эрх ашгийг зөрчсөн шийдвэрт нөлөөлөхийн тулд цахим ертөнцөд юу ч гэж яриад нэмэргүй гэдгийг саяын музейг нураасан явдал харууллаа. Шийдвэрт нөлөөлөхийн тулд дор хаяж өчигдрийн машинтай жагсагчдаас илүү гарсан, бүр цаашлаад талбайг дүүргэж цуглах хэрэгтэй. Ингэж байж л эрх баригчид буулт хийдэг юм байна. Ордон шатааж, дотор нь орж, цагдааг зодож, мөрдсийг нь хурааж, буу мөрлөхгүйгээр тайвнаар зөв зүйлийн төлөө нэгдэн нийлэхэд л үр дүнгээ өгч байна. Ард түмний эрх ашиг хохироосон буруу шийдвэрийг зөв болгох нь л чухал болохоос улс төрийн ямар хүчин төрд гарах нь хамаагүй шахуу юм.