Мэргэжил нэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг энэ удаад онцлон бичиж байна. Тэр Монголын үндэсний телевизэд ажиллаж байхдаа сайн сэтгүүлч байсан. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг зоригтойгоор хөндсөн нэвтрүүлэг, сурвалжилга  бэлтгэдэг байв.

Тиймдээ ч Монголын ард түмэн түүнийг хүндэлдэг байлаа. Ард түмний хүндлэл түүнийг сэтгүүлчийн ширээнээс УИХ-ын гишүүн гэх сэнтийд залсан. Одоо тэр хууль батлалцаж яваа УИХ-ын гишүүн. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гэгч болоод байна, М.Оюунчимэг гишүүний хувьд. Тэр дөрвөн жилийн хугацаанд гарт баригдаж нүдэнд харагдах олигтой зүйл юу ч хийсэнгүй. Тэгсэн мөртлөө өөрийн таньдаг хэдэн сэтгүүлчийг урдаа зогсоож байгаад  “ЖДҮ бол хулгай биш”, “Би буруугүй” гээд л эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн намынхаа нөхдүүдийг өмөөрсөн мэдэгдлийг “үйлдвэрлэж” өгсөн гэхэд хилсдэхгүй. Үгүй ядахдаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар олигтойхон дуугарсангүй. Тэгснээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эмэгтэй гишүүдийг зээл авсан гэж бичээд байна. УИХ-д эмэгтэй гишүүдийн тоог багасгах гэж зохион байгуулалттай улс төр хийж байна” гэх утгатай мэдэгдэл хийгээд зогсож ч байх шиг.
Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон М.Оюунчимэг өөртэй нь холбоотой ямар нэгэн мэдээлэл гарах бүрт хариу тайлбар хийнэ. УИХ-ын чуулганы танхим, Төрийн ордноор нэг “Би энэ асуудалд ёстой хамаагүй” гээд л “орилж” гардаг нь өнгөрсөн дөрвөн жилийн үйл явдлуудаас тодорхой харагдана.  
Жишээ нь, Байнгын хорооны хуралдаан дээр кофе ууж, гялгар ууттай боов гаргаж ирээд идсэн. Боовоо зулгааж хэсгийг нь амандаа хийчихээд инээмсэглэн суугаа бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тарсан. Үүнээс болоод тэрбээр цахим орчинд “Боов Оюунчимэг” хэмээх хочтой болсон. Энэ үер тэрбээр мөн л өөрийгөө өмөөрч “Намайг ганц кофе уусны төлөө бичлэгийг зориуд төлбөртэйгээр цацаж байна. Ганц би ч бус манай эмэгтэй гишүүдийг шат дараатай онилсон арга хэмжээ яваад байна. Тэгсэн хэр нь сөрөг хүчнээс орж ирсэн эмэгтэй гишүүн адилхан хуралдаа суухгүй байж л байгаа шүү дээ. Энэ нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь, шийдвэр гаргах төвшинд оролцоод эхлэхээр хуйвалдахгүй, хор найруулахад оролцохгүй хэт их хариуцлага ярьж шударга байгаа эмэгтэй гишүүдийн нэр хүнд имижийг унагаж, төрд байх хэрэггүй гэх мэтээр орон зайг нь багасгах захиалгат зүйл яваад байна” гэсэн. Үүний дараа үнэтэй алчуур зүүсэн зураг нь түүнийг цахим орчинд “од” болгож, шүүмжлэл дагуулсан. Тэр үед “Энэ миний алчуур биш. Манай ойрын хүнийх” гээд л бас л өөрийгөө өмөөрөөд байсан. Түүнийг ЖДҮ-гээс зээл авсан гэх асуудал яригдаж эхлэхэд мөн л “Би зээл аваагүй. Би буруугүй” гэж  ирээд л өөрийгөө өмөөрсөн. 

Эрхэмзаяагаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр хариуцсан газрын захирлаар томилуулсан тухай хэвлэлүүдээр мэдээлж байсан. Тухайн үед ч тэр дуугүй суугаагүй. Энэ байдлаараа ирэх зургаан сард буюу орон нутгийн сонгуулийн өмнө түүний өөрийгөө өмөөрөх хандлага улам олшрох бололтой. 

Тэр дөрвөн жилийн хугацаанд маш цөөн хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүдийн нэгээр тодроод байгаа.  Гэхдээ өөрийгөө өмгөөлж хамгаалж, ийш тийш нь утас цохиж, намынхаа дарга нарт өөрийгөө ойлгуулах гэж явснаараа бусдыгаа түүчээлж байгаа. Өөрөөр хэлбэл, зарим айлд байдаг ялархуу мөртлөө буруутай ч бурууг өөртөө өгдөггүй эрх жаал шиг л дөрвөн жилийг Их хуралд тэр өнгөрүүлж байна. 
Түүний сүүлийн үед хамгийн ихээр “Би буруугүй. Хуулийн байгууллагаар шалгуулна” гэж байгаа асуудал бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бусдыг зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудал. Тодруулбал, тус сангаас иргэн, аж ахуйн нэгжид нэг удаадаа хамгийн ихдээ таван сая төгрөгийг жилийн 8.4 хувийн хүүтэйгээр зээлдэг журамтай. Гэвч уг журам төдийгүй Монгол Улсын цөөнгүй хууль, тогтоомжийг 2016 онд НХХ-ийн сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр болон түүний ажилтнуудтай үгсэн зөрчиж, эгэл жирийн ажилтан, гар урлал зэрэг жижиг бизнес эрхлэгч, сумын малчинд очих ёстой санхүүжилтийг ийн завшихыг санаархсан байдаг. Завшихыг санаархсан гэж хэлсний учир нь түүний их хэмжээний зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, иргэн Б.Болорцэцэг нар нь 2016 онд авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй байгаа юм. АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй дээрх хоёр компани, иргэн Б.Болорцэцэг нар ямар хамааралтай болохыг тогтоох ажиллагаа хийгдэж байгааг албаны эх сурвалж мэдээлж буй. Түүнчлэн дээрх зээлийг хүүгүйгээр олгуулсан байх магадлалтай байгааг эх сурвалж онцолж байсан.
Түүнд улсын сангийн мөнгөнөөс их хэмжээгээр хэн нэгэнд олгуулахыг санаархах туршлага бий гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр ЖДҮХС-гаас нэр бүхий УИХ-ын гишүүд, томоохон албан тушаалтнууд их хэмжээний зээлийг “хулгайгаар” авахад мөн л зуучлагчаар оролцож, 120 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байгааг эх сурвалжууд мэдээлж байсан. ЖДҮХС-гийн гэх хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн ч өнөөг хүртэл ямар нэгэн байдлаар холбогдох албан тушаалтнууд нь хав дарсаар байгаа билээ. 
Түүнчлэн түүний хөрөнгө орлогын мэдүүлэг гэнэт өссөн талаар хэвлэлээр цацагдахад мөн л “Миний орлого нэмэгдээгүй ээ” хэмээн мэдэгдсэн. Гэтэл тэрбээр гишүүн болохынхоо өмнөх жил буюу 2015 онд жилийн 14 сая төгрөгийн орлоготой байж. Харин 2016 онд жилийн 156 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлсэн байдаг. Дараа жил нь буюу 2017 онд 22 сая төгрөгийн жилийн орлоготой гэж ХОМ-тээ мэдүүлсэн байгаа юм. Эрхэм гишүүний ХОМ-ээс анхаарал татаж байгаа зүйл бол түүний гэр бүлийн гишүүдийн орлого. Гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмж чадсан нь яах аргагүй анхаарал татдаг. 
Үүнээс гадна М.Оюунчимэгийг төрсөн эгч М.Цэцэгээгээ Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар, дүү Эрхэмзаяагаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр хариуцсан газрын захирлаар томилуулсан тухай хэвлэлүүдээр мэдээлж байсан. Тухайн үед ч тэр дуугүй суугаагүй. Энэ байдлаараа ирэх зургаан сард буюу орон нутгийн сонгуулийн өмнө түүний өөрийгөө өмөөрөх хандлага улам олшрох бололтой. 
Өөрөөр хэлбэл, Энэ парламентын хамгийн их биеэ өмөөрдөг, буруу зүйл хийсэн ч буруугүй болохын тулд ямар ч мэдэгдэл хийж мэдэх ганц гишүүн нь М.Оюунчимэг ажээ. 

Үндэсний шуудан сонин