Ш.Отгонбилэг агсан, Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нар “Эрдэнэт” үйлдвэрээс хууль бусаар мөнгө гаргаж, НИК-ийг хувьчилж авсан уу 

 

НИК компани 2000 оны эхэн үед Монголын үндэсний топ гурван компанийн нэг байв. 50 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй, таван хувь эзэмшигч болон охин компанитай, арван жилийн хугацаанд 26 сая ам.долларын санхүүжилтийг төр засгаас хийсэн байв. Тоног төхөөрмж, шатахуун тослох материалыг дэлхийн олон орноос импортолдог болчихсон, улсын хэмжээнд 21 аймаг болон 300 гаруй суманд салбартай, бүс нутгийн 22 нефть хангамжийн бааз болон шатахуун түгээх 402 станцаас бүрдсэн үндэсний хэмжээнд хангамжийн сүлжээтэй компани байлаа. Та бүхэн бодоод үздээ зөвхөн тус компанийн нэр дээр  3-60 жил ашиглах газрын гэрчилгээтэй 540 гектар газартай байсан  шүү дээ. Ийм л компанийг хэдхэн ширхэг ёмкостны үнээр Петровис компанид өгчихсөн байдаг.  1990 оны эдийн засгийн хямрал дуусчихсан, эдийн засаг сэргээд эхэлчихсэн цаг үед юуны учир НИК-ийг хувьчлах гэж улстөрчид улайран дайрах болов гэдэг нь сонин. Мөн хувьчлалын  хөшигний  цаана улс төрийн томоохон бүлэглэл  байсан нь тодорхой байдаг. Тэд компанийг хувьчилж аваад их хэмжээний ашиг олж авахын тулд хуулийг улан доороо гишгэж, ёстой л эрх мэдэл албан тушаалаараа аархсан нь баримтуудаас тодорхой харагдаж байна лээ.  Уншигч та бүхэнд НИК-ийг Петровис компани хувьчилж авахдаа хууль зөрчсөн  гэдгийг баримтад тулгуурлан хүргэе. 

50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ  КОМПАНИЙГ НАЙМАН САЯ АМ. ДОЛЛАРААР ХУВЬЧИЛСАН ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭР

2002 онд Төрийн өмчийн хороо УИХ-д НИК компани ямар ч ашиггүй, алдагдалд орон ажиллаж байгаа талаар удаа дараалан мэдэгдэх болжээ. Бүр санхүүгийн тайланг гаргаж, “Засгийн газрыг байнга өр төлбөрт оруулж байна. Ингэж гай болж  байгаа компаниас эртхэн салсан нь дээр. Хурдхан хувьчлах хэрэгтэй” гэх далд утгатай албан бичгүүдийг өгөх болсон байгаа юм. Яг үнэндээ УИХ-д гаргаж өгсөн  санхүүгийн тайланг нь мэргэжлийн нягтлан бодогч болоод аудитын шалгалтаар хянуулахад алданги хүлээж, өрөнд орохооргүй   байжээ. Гэвч тухайн үеийн төр засгийнхан НИК-ийг хувьчлах ёстой гээд шийдчихсэн байжээ. Эргэлт буцалтгүйгээр шийдвэр гаргах болсон нь мэдээж улс төрийн нөлөө орсон нь тодорхой юм. 2002 оны гуравдугаар сард НИК компанийн ерөнхий захирал П.Түвшинбаатар төрийн өмчийн хороо, Варенц групптэй хэлэлцэн зөвшилцөж,  Малайз Улсын “Эрист” компанийг сонгон компанийн ТУЗ гэрээ байгуулсан байна. Аудитын шалгалтаар НИК нь санхүүгийн хувьд төсөв болон гаалийн байгууллагад төлөх өр төлбөр ихтэй,  эргэлтийн хөрөнгөний эх үүсвэр  дутуу” гэх албан бичгийг Төрийн өмчийн хороонд ирүүлсэн байдаг. Үүний дараа худалдах доод үнэ тогтоох  шинжээчийн  хэсгийн дүгнэлтийг гаргасан байдаг. Шинжээчдийн хэсгийг ахалж тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Ёндон, Төрийн өмчийн хорооны гишүүн,  Хууль зүй дотоод хэргийн яамны газрын дарга Д.Баярсайхан, Дэд бүтцийн яамны газрын дарга Ш.Сономдагва, Монголын  Хөрөнгийн биржийн захирал Д.Дорлигсүрэн, СЭЗЯ-ны  төлөөлж С.Ганболд, Төрийн өмчийн өмч хувьчлалын газрын дарга Б.Цэцэг-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан байдаг. Тэд хаанаас тийм үнэ гаргаж ирсэн нь тодорхойгүйгээр  нийт хувьцааны 80 хувь буюу төрийн эзэмшлийн хувьцааг худалдах доод үнийг зургаан сая нэг зуун гучин гурван мянган  ам.доллараар тогтоон Засгийн газарт оруулчихсан байдаг. Бүр энэхүү доод үнэнд Санхүү эдийн засгийн яамтай тохиролцож,  улсын төсөвт төлөх ёстой  3.46700 сая ам. долларын өрийг оруулж тооцов гээд дүгнэлт гаргачихсан байдаг. 2002 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ийм шинжээчийн дүгнэлтийг тэд гаргасан юм билээ. Ингээд Засгийн газрын тогтоолоор хувьчлах асуудалтай холбоотойгоор тодорхой ажлуудыг хийж эхэлсэн байдаг. 

Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан,  Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарт тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хүнс, хөдөө ахуйн сайд Д.Насанжаргал нар үүрэг даалгавар өгч,  7735 тонн шатахуун, 34850 шоо метрийн багтаамжтай агуулах сав зэргийг  улсын нөөцийн газарт шилжүүлэх үүрэг өгсөн байдаг. Ингээд Засгийн газар, Төрийн өмчийн хороотой хамтран НИК компанийг хувьчлах  уралдаант шалгаруулалт тендер зарласан байна. Үндэсний хөрөнгө оруулаллттай төрийн мэдэлд байсан компанийг хувьчлах асуудал 2002 оноос яригдаж эхэлжээ. 2001 оны УИХ-ын аравдугаар тогтоол, Засгийн газрын төрийн өмчийг  2001 онд хувьчлах хөтөлбөр зэргийг үндэслэн Төрийн өмчийн хороо “НИК-ийг хувьчлах ажиллагааг эрчимтэй хийж эхэлсэн түүхтэй юм билээ. Тэр үед төр засгийнхан үгсэн хуйвалдаж өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг хувьчлах их ажлыг хийж байв. Энэ л зарчмаар НИК хэмээх газрыг хувьчилчихсан юм билээ. Хувьчлал хийж эхлэх үед 1991 оноос хойш зээл тавьсан  “MON C2”  зээлээр Японы Засгийн газраас 20.7 сая ам. долларын буюу 3020.0 сая төгрөг, Дэлхийн банкны хөнгөлөлттэй үнийн  2320- MOG,  2550- MOG зэрэг хоёр төрлийн  зээлээр 5832234.69 ам. доллар, Азийн хөгжлийн банкнаас 1109 “MON SF” зээлээр 278604.1 ам.доллар, Германы 9165937 LSB0202 зээлийн хүрээнд 177401.2  ам.долларын бүгд 26988.2  сая ам.долларын зээлийг НИК төлөөд явж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, НИК их хэмжээний өр зээлээ төлж чадаагүй байсан юм. 
 Тэр үед улсын төсөвт дотоодын  барааны нэмэгдсэн өртгийн албан татварын 0.7 тэрбум,  импортын татварын зургаан тэрбум,  тусламжын барааны 9.7 тэрбум нийддээ 16.4 тэрбум төгрөг,  мөн Сангийн яаманд 36.2  тэрбум төгрөгийн өртэй гэсэн танилцуулга хувьчлал эхлэхээс өмнө хийжээ. Ингээд Засгийн газар НИК-ийн  нийт хувьцааны 80 хувь буюу төрийн эзэмшлийн хувьцааг худалдах доод үнийг зургаан сая нэг зуун гучин гурван мянган  ам. доллараас доошгүй  үнийн төлбөр хийсэн  тохиолдолд  Засгийн газарт  төлөх ёстой 7.4 тэрбум  төгрөгийн тусламжийн барааны өрийг Засгийн газар өршөөж өгнө гээд шийдвэр гаргачихсан байна. Ингээд тендер шалгаруулалтад таван компани оролцжээ. Тендерт “Петровис” ХХК  шалгарсан байна. Тус компанийг 1997 оны тавдугаар сарын 15-нд Ш.Отгонбилэг агсан, Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нарын санаачилгаар үүсгэн байгуулж газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэд ингэж л анх хувийн хэвшил бий болгож, энэ салбарт хөзөр тоглож эхэлсэн байдаг. Дээрх компанитай өрсөлдөх компани байсангүй. НИК-ийг Петровис хувьчилж авчээ хэмээн улс даяар дуулиан шуугиан болсон юм. Шуудхан хэлэхэд, нийт хувьцааны 80 хувь буюу 16.760.768 ширхэг энгийн хувьцааг Петровис компани 8.400.800 ам. долларыг байршуулсан учир тендерт шалгаруулах нь тэр. Ингэж л НИК хэмээх 50 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй компани 10 хүрэхгүй тэрбум төгрөгөөр Ш.Отгонбилэг агсан, Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нарын гарт очсон  байдаг. Тэр үед ам. доллар 1100 гаруй төгрөгийн үнэ ханштай байсан гэнэ. 

“Н.БАГАБАНДИ, Ш.ОТГОНБИЛЭГ НАРЫН УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛИЙН  НӨЛӨӨГӨӨР НИК  ПЕТРОВИСЫН МЭДЭЛД ОЧСОН”  ГЭВ

Энэ талаар 2004 онд НИК-ийн удирдах албан тушаалд ажиллаж байсан нэгэн эрхэм бидэнтэй уулзаж хувьчлал хэрхэн хийсэн талаар ийн ярилаа. Тэрбээр “2002 оноос хойш хувьчлал хийх асуудал яригдаж эхэлсэн. Засгийн газраас хувьчлал хийхэд зориулж бэлтгэл ажил хий гэсэн чиглэл өгсөн. Гэвч улс төрийн нөлөөгөөр бэлтгэл ажил огт хийхгүй байсан. Яг үнэндээ 2004 онд бүх техник тоног төхөөрөмжтэй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, агуулах савандаа  дүүрэн шатахуунтай компанийг хувьчлал нэрийн дор луйвардаад авчихсан юм. Ш.Отгонбилэг тэр үед үнэхээр нэр нөлөөтэй байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди нар хувьчлал хийх ажиллагаанд далд нөлөө үзүүлсэн. Түүнээс Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нарт найман мянга гаруй сая ам.доллар гаргаад НИК-ийг хувьдаа авах ямар ч хөрөнгө санхүү байхүй байсан. Ш.Отгонбилэг бүх санхүүжилтийг гаргасан нь тодорхой байдаг. Тэр үед Эрдэнэт үйлдвэрээс нууцаар санхүүг нь гаргасан гэх яриа олны дунд гарч байсан. Гэвч энэ асуудлыг   хууль хяналтын байгууллага огт шалгаагүй өнгөрөөсөн юм. Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаад авчихсан байх магадлал маш өндөр байгаа. 2004 онд тэр хэмжээний мөнгө гаргачих чадамжтай компани маш цөөхөн байсан. Өөр нэг ноцтой асуудал  НИК баахан өр зээл графикийн дагуу төлдөг байсан. Гэтэл яагаад ч юм нөгөө өр зээлийн бичиг баримт Сангийн яаман дээрээс алга болчихсон. Сангийн яам бүр НИК компани ямар ч өр зээл алга байна гэсэн лавлагаа гаргаж өгдөг болсон. Ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэрийн захирал, УИХ-ын гишүүдийн бүлэглэл нийлж НИК-ийг хувьчилсан. Үнэндээ тэр бүлэглэл улс төрийн бүх хүмүүсийг үгэндээ оруулдаг байсан нь нууц биш шүү дээ. Петровис компани НИК-ийг аваад жил хүрэхгүйн дотор хувьцаа худалдаж авсан найман сая гаруй Ам.Доллараа нөхөөд олчихсон. Тэгэхээр НИК-ийг албаар санхүүгийн хямралд оруулж байсан юм билээ. Ингэж л Петровис гэх компани монголын шатахууны салбарт ноёрхож, өөрсдийн эрх мэдлээ зузаатгаж,  Монголын толгой баячууд болсон түүхтэй” гэв. 

40 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРИЙН БҮРТГЭЛТЭЙ НИК ДАЛДЫН ХҮЧЭЭР ӨРГҮЙ БОЛСОН НЬ

Ш.Отгонбилэг агсан, Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нар тоолоод барахгүй хөрөнгөтэй НИК-ийг хэдхэн ёмкосны мөнгөөр л ийнхүү худалдаад авчихсан байгаа юм. Хэрэв тэр үед шударга ёс тогтсон байсан бол НИК-ийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахад 50 тэрбум байтугай мөнгө олох боломж байсан юм билээ. Гэвч төрийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх сонирхол улс төрийн томоохон бүлэглэлд байжээ. Мөн маш их хэмжээний өртэй байсан НИК компанийг ямар ч өргүй болгон хувиргаж чадсан байгаа юм.  Сангийн яаманд байсан бичиг баримтууд гэнэт ор сураггүй алга болжээ. Хаашаа алга болсон нь одоо хүртэл тодорхойгүй байдаг юм билээ. Уг нь 40 гаруй тэрбум төгрөгнөөс Засгийн газар 7.4 тэрбум төгрөгийн зээлнээс чөлөөлсөн байдаг. Гэтэл үлдсэн 35 гаруй тэрбум төгрөгийн өр зээлийн асуудал огт хөндөгдөхгүй байсаар нам жим болжээ. Уг нь зээлийн хөрөнгө мөнгөөр тоног төхөөрөмж авсан. Тэрийг нь НИК-иар дамжуулан Петровис одоог хүртэл ашиглаж байгаа нь үнэн. Энэ өрийг тэд төлөх ёстой байжээ. Гэвч улс хохирч үлдсэн байгаа юм. Уг нь улс хохирлоо Петровис компаниар гаргуулах бүрэн боломжтой юм билээ. Энэхүү бичвэрийнхээ төгсгөлд 2013 онд Петровисын өр зээлийн асуудал гарч ирсэн гэдгийг хэлэх байна. Дараагийн нийтлэлээрээ Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд Петровис компанийн өмнөөс  өр төлж байгаа ноцтой баримтыг хүргэх болно. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин