Сонгууль ойртож, намууд дотооддоо бужигнаж байна. Аймаг, сум, дүүргийн намын дарга нарыг дуудаж ээлжит сонгуульд хэрхэн оролцох, хэнийг нэр дэвшүүлэх тухай санал солилцож эхэлжээ.

Эрх баригч МАН-ынхан гэхэд Энэтхэг улсад сонгуулийн яриануудаа хийж буй бололтой. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан намын зарим удирдлага аймгийн Засаг дарга нарын хамт тус улсад уулзалт хийж явна. Засаг дарга нарын хувьд тухайн аймгийнхаа МАН-ын хороог тэргүүлдэг. Тиймээс намуудын хувьд энэ түвшинд сайн ойлголцож, лобби хийх нь тун чухал.

Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон. Хуулиараа ирэх сард багтаж мандатаа хуваарилах учиртай. Хүн амын тоогоо дагаад Улаанбаатарт олонхи мандатыг олгох ёстой гэсэн байр суурийг зарим нам илэрхийлж байгаа. Харин МАН энэ удаа орон нутагт мандатын тоог нэмэхээр болсон тухай зарим гишүүн нь ярьж эхэлсэн. Энэ нь үнэний ортой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, аймгийн Засаг дарга нарын Энэтхэг дэх уулзалт харуулж байна. Түүнчлэн Л.Оюун- Эрдэнэ сайд Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар тус улсыг зорьсон гэх мэдээлэл бий. Гэвч энэ тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр Төрийн сайд төрийн ажлаар биш, намын ажлаар тус улсыг зорьсон бололтой.

 

Т.Сайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин