Өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр Орхон аймагт байшин шатаж, ах дүү хоёр шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 41 дүгээр гудамжинд иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн зургаан алба хаагч хэргийн газарт хоёр цаг орчим ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Гал түймрийн улмаас тус сумын харъяат иргэн У /46 настай, эрэгтэй/, И /40 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Иймд, хүйтэн сэрүүний улирал болж байгаатай холбоотойгоор цахилгааны аюулгүй байдлаа хангах, гал галлагааны стандартыг мөрдөж болзошгүй эрсдлээс сэргийлэхийг албаныхан санууллаа.