Төв талбайн ногоон байгууламж руу “морь харсан” гэдгээрээ алдаршаад байсан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ хахуулийн хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Д.Нэмэхбаяртай хамт түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг шалгаж байгаа юм байна. Тэднийг "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байсан.  Тодруулбал, Д.Нэмэхбаяр нь нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нар иргэдээс 200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байжээ. Бүр тодруулбал Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсныг хураан авсан юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шижүүлсэн байна. Улмаар хэргийг шүүүхээр хэлэлцээд дахин мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч хэргийн шүүхэд шилжүүлсэн юм. Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийг маргааш Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 2020.01.09-ны өдөр хэлэлцэв. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр төрийн албан хаагч Н.Раднаасэд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэлсэн боловч, өмгөөлөгч Б.Манлайжавын шүүх хуралдаан давхацсан, өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүгдэгч Э.Энхзаяа нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулжээ. Тус шүүх хурлыг энэ сарын 27-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

 

Н.Раднаасэд нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Эрүүгийн хуулийн

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

2.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.