ТОЙМ МЭДЭЭ


2020/01/12


Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын тойм.

Улстөр: Нийгмийг талцуулсан "Тэтгэврийн зээлийг тэглэх" асуудал нэг мөр цэгцрэв.

УИХ-ын чуулганаар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг 44 гишүүний 35 нь дэмжсэнээр 79.5 хувийн саналаар баталлаа.

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хууль батлагдсанаар:

  • Зургаан сая хүртэл сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, түүнээс илүү гарсанг нь иргэд өөрсдөө төлөхөөр болов.
  • Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас олгох бөгөөд үүнийг 2021 оны тавдугаар сараас авах боломжтой болно
  • Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээр зээлийн үлдэгдэлтэй нас барсан иргэдийн зээлийг тэглэнэ
  • Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.
  • Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болох юм.

Энэ онд УИХ-ын сонгууль болно. Тэгвэл ЖДҮХС-гаас хууль бусаар өөрийн болон ах, дүү, хамаарал бүхий компанидаа зээл олгоход тусалсан эрхмүүд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, ард түмэнд хайртайгаа зарлаж, тойргоо услаад эхэлжээ. Сонгууль болохоор гэнэт хаанаас сонгогдсоноо санаж, “Миний дээр та бүхэн бий” хэмээх сайхан үгээр тархи угааж, бэлэг сэлт, аахар шаахар зүйл тарааж, тойрогтоо байн байн очиж, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүрлийтлээ гарч, “Энэ дөрвөн жил би тэгж ажиллалаа. Тойрогтоо тэгэх гэсэн болсонгүй” гэх мэт хүүхэд хуурч байгаа аятай үгсийг чулуудна. Бид ч хууртаж ханалгүй, эргээд өнөө хэдийгээ сонгож орхино. Тэгвэл энэ удаа хэдүүлээ ЖДҮХС болон бусад сангаас хууль бусаар зээл авсан болон ард иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй эрхмүүдийг сонгохгүй байцгаая.  Сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүд-III

Нийгэм: Д.Сэржмядаг охины хэргийн явцад бага насны хүүхэд хүчирхийлсэн зургаан хэрэг илрүүлжээ

 

Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нөхцөл байдал болон тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийв.

Энэ үеэр  МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг "Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.

Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32,000 иргэн, 1,000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлийг мөн авч шалгаж байна. Энэ хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн. Үүнээс дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна. Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байгаа" хэмээн мэдэгдлээ. 

Сэрэмжлүүлэг: ЭХЭМҮТ-ийн эмч нарын буруугаас ураг эндэж, эх нь хүүхэд тээх боломжгүй болжээ

Хэрвээ ЭХЭМҮТ-ийн эмч нар ажилдаа хариуцлагатай хандаад эргэж тойроод байсан бол эрүүл бойжсон ураг эндэхгүй, эх нь хүүхэд төрүүлэх чадвартай үлдэх байв... Шүүхээс эмч нарыг буруутай гэж үзсэн ч хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Тодруулбал, Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар болох Ж.Э, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Харин тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019-12-09-ны өдөр гаргажээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу

Эдийн засаг: Д.Пүрэвжал: Оюутолгойн ордын үнэлгээг дахин хийх хэрэгтэй

 

Монголчууд уламж­лан өвлөж  ирсэн онгон дагшин байгаль, өв хөрөнгөө нийтийн буюу төрийн  өмч гэж хуульчилж байгаад эмзэглэж байна. Төрийн өмч гэдэг бол ямар нэгэн эрх мэдэл бүхий байгууллага шийдвэр гаргаж, хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулсны дүнд бий болсон өмчийг хэлнэ.

“Эрдэнэт”-ээс өгсүүлээд хамтарсан хөрөнгө оруулсан Монголын томоохон уурхайнууд төрийн өмчид орно. Гэхдээ үндсэн агуулгаараа бол төрийн өмч гэдэг эрх мэдэл бүхий байгууллага УИХ  шийдвэр гаргаж, хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулсны дүнд бий болдог зүйл. Түүнээс өвлөн уламжлагдаж ирсэн онгон байгаль, газар нутаг яавч төрийн өмч биш. Энэ бол улсын өмч. 1960 оны Үндсэн хуульд ч улсын өмч гэж  байдаг. Гэтэл сүүлийн 20-30 жилд төрийн өмч болгож, 3-4 жилийн хугацаатай сонгогдсон Засгийн газар, УИХ, аймаг, хотын Засаг дарга нар газрын доорх баялгийг янз бүрээр ашиглахаар зарж худалдаж, лиценз хэлбэрээр өгч байна. Энэ нь байгалийг сүйтгэж, устгаж ирлээ. Монголын байгаль маш эмзэг. Нэг газар нь сүйтгэж, гол мөрний голдрилыг гэмтээлээ гэхэд нөгөө газарт хуурайшилт үүсдэг. Өнгөрсөн зун гэхэд ихэнх нутгаар /төвийн бүсэд/  үлийн цагаан оготно олширч адуу явж  чадахгүй болсон байна. Энэ нь дэлхийн дулаарлаас гадна хүний хүчин зүйлс болсон  байгалийн баялгийг төрийн өмч болгож, лицензийг хавтгайруулсантай холбоотой. Дархан хилээр хязгаарласан газар нутаг   улсын өмчид байх ёстой. Цаашид аль нэг нам сонгуульд ялж Засгийн газар байгуулж мөрийн хөтөлбөр гаргаж үйл ажиллагаа явуулах тоолонд улсын өмчид хандах хандлага өөрчлөгдөх ёсгүй. Эндээс ярилцлагыг уншина уу

Спорт: Заалны барилдаанд оролцохгүй бол наадмаар барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид хуралдаж, Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийг оролцоог нэмэгдүүлэх журам баталжээ.

Журмыг энэ сараас эхлэн мөрдөх ажээ.

 

Соёл урлаг:  ХОС ЗҮРХЭЭ ХАМГААЛЪЯ: Чинбаад “Niciton & Friends”, “Аравт” тоглолтыг зориулна

 

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлэх, тоглолт хийх санаачилга гаргаад байна.

Өчигдөр /2019.01.08/ аяныг зохион байгуулагчид хуралдаж, 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” тоглолтуудыг зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрөөс эхлэн зохион байгуулалтыг хариуцаж авсан багуудаас танилцуулах аж.

“Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аянд Өвөрмонголчууд ч нэгджээ.

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал