Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүллээ. 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулсан боловч шүүгч

1. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

2. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

3. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

4. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

5. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

6.  Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

7. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч; нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газрын даргаас албан бичиг ирүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргасан юм. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналыг хүлээн авч, зарлиг гаргах юм бол дээрхнэр бүхий шүүгч нар ажилдаа эргээд орох боломжтой болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.