“Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах тогоонд үйлдвэрийн ажилтнууд унаж, осолдсон байна.  Өлөнгийн өнгөр чанах  3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан  Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш/36 настай, эрэгтэй/, Л/34 настай, эрэгтэй/ нар унасан тухай дуудлагыг  01.13-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход иргэн Б, Ш, Л нарыг тогооноос тус үйлдвэрийн ажилчид гаргасан байжээ. Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ХЯТҮТ-ийн их эмч  С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгчээ.  ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй, иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр, мөн тус үйлдвэрийн ажилтан  З /27 настай, эрэгтэй/, М /36 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал дунд зэрэг байсан аж.