Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл, төрөөс төрсөн тэрбумтнуудын гол эзэн, МАНАН-гийн эцэг, шударга бусын хонгилыг бий болгосон хүн нь Ц.Элбэгдорж гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Монгол төрийн өндөр дээд албан тушаалыг нэлээдгүй хугацаанд хашсан түүний бүх булхай луйвар нь албан тушаалаасаа буусных нь дараа энэ мэтээр ээлж дараалан илчлэгдсээр  өдгөө тэрбээр Монголын төрийг самарсан нэг номерын хүнээр нэрлэгдээд буй. Эрдэнэтийн 49 хувийн луйвар, АСЕМ-аас мөнгө идсэн хэрэг, тэр ч бүү хэл “Их тэнгэр” цогцолбороос алдагдсан уран зургууд гээд сүүлийн жилүүдэд гарсан бараг л улс төрийн бүх булхай луйвартай их бага хэмжээгээр нэр холбогдсон тэрбээр ард түмний дунд хэдийнээ муу нэрийг олоод буй. Өөрөөр хэлбэл дахиж улс төрд гарах магадлал нь багассан гэсэн үг юм. Өөрөө ч үүнийгээ мэдэрч улс төрд дахиж орохгүй гэдгээ илэрхийлдэг. Гэвч наанаа улс төрөөс хол байна хэмээн ярьж яваа тэрбээр өөрийн хүү Э.Эрдэнийгээ улс төрд оруулах ажлыг хэдийнээ эхлүүлээд амжсан байх юм.

 

 

Дахиж улс төрд орох шаансгүй болсон тэрбээр өөрийн үйл хэргээ хүүдээ залгамжлуулахаар шийджээ. 

Тодруулбал, Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ улс төрд орж, УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж эхэлжээ.

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр ажилладаг тэрбээр анхнаасаа улс төрд цэвэр ороогүй нэгэн гэгддэг. Тухайлбал, түүний нэр дэвшсэн Баянзүрх дүүргийнхэн түүнийг намын дүрэм журмыг зөрчин, аавынхаа дэмжлэгтэйгээр нэр дэвшсэн гэдгийг хэлдэг. Тодруулбал, АН-ын дүрэм журмаар бол эхлээд намын хороондоо ажиллаж, тэндээсээ ажил үйлсээрээ манлайлсны эцэст үүрийнхээ гишүүдийн дэмжлэгийг авч нэр дэвших эрхтэй болдог аж. Гэтэл намын хороонд ажиллаж байгаагүй, намын үүрт бүртгэлгүй асуудлуудыг нь ч мэдэхгүй залуу Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваагийн татаасаар хороондоо олон жил үнэнчээр зүтгэсэн хүмүүсийн урдуур дайран орж тус дүүргийн  27 дугаар хороонд нэр дэвшсэнд намын нөхөд нь бухимдалтай байдаг. 

 

Түүгээр ч үл барам 2016 онд ИТХ-д сонгогдохдоо Сонгуулийн тухай хууль зөрчиж сонгогчдод мөнгө тараасан гэх хэрэгт хүртэл нэр холбогдож явсан нэгэн. АН-аас нэр дэвшсэн Э.Эрдэнэ тэргүүтэй долоон төлөөлөгч Сонгуулийн хууль зөрчин, сонгогчдод мөнгө тараасан  гэх энэ хэрэг БЗД-ийн Анхан болон Давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхүүдээр тогтоогдсон байсан ч Э.Эрдэнээс холуур тэгс гээд өнгөрсөн нь төрийн тэргүүн байх хугацаандаа шүүх засаглалыг гартаа оруулсан гэгддэг түүний эцгийн нөлөө байсных биз.  

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож тагнуулын офицерийн үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ бахархаж ярьдаг тэрбээр энэ хугацаандаа нэлээдгүй хууль бус зүйлд орооцолдож байсан мэдээллүүд бий. Тодруулбал, Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэж хүмүүсийг “хошгоруулчихаад” тэнд очсон хойноо эмнэлгийн офицеруудийн орон тоонд орчихсон 3000-5000 долларын цалин авч байсан гэдэг. Суданаас ирсэнийхээ дараа харцын хүүхдүүдтэй хамт алба хаалаа гэж их л бахархалтайгаар ярьж явсан. Гэтэл түүнтэй мөр зэрэгцэн алба хаасан албан хаагчид ердөө 1300 гаруй долларын цалинтай байдаг. 

 

 

Түүнчлэн  хилийн чанадад алба хааж яваа хөвгүүдээ эцэг эх нь эргэж очиж чадахгүй байхад Ц.Элбэгдорж Өмнөд Суданд айлчлах нэрийдлээр хүүгээ эргэж очсон. Мөн Э.Эрдэнэ нь Өмнөд Суданд алба хаахдаа Элбэгдорж биш Эрхэмбаяр хэмээн овгоо сольж, сонгуулийн өмнө гарч ирэхдээ дахиад Элбэгдоржийн хүү болсон нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18.7-д “…Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө…” гэсэн заалтыг онц ноцтой зөрчсөн гэдэг нь хэвлэлээр нэгэнт ил болсон байдаг. 

 

 

 

 

Энэ мэтээр анхнаасаа хууль, дүрмийг уландаа гишгэж, шударга бус үйлдлүүд хийж улс төрд орж буй хүн цаашдаа улс төрд гараад төр, түмнийхээ төлөө шударга үнэнчээр ажиллаж чадах уу гэдэг эргэлзээтэй.

 

 

Эцэг Ц.Элбэгдорж нь засрахгүй “шоучин”, монгол түмнийг яаж “хошхируулж” байсан бэ гэдгийг монгол орон даяараа мэднэ. “Ц.Элбэгдоржийн учруулсан бодит хохирол нь Монгол улсыг 30 миллиард долларын өрөнд оруулсан явдал. Ер нь бол Ц.Элбэгдорж  Монголын улс төрчдөөс харийн мөнгө хүүлэгчдэд хамгийн их ашиглагдсан хүн.

 

 

Өөрөөр хэлбэл ард түмний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж байгаа юм шиг ярьж, эсрэгээрээ төсөөлж ч байгаагүй их зовлон бэрхшээлд унагасан” хэмээн Эдийн Засгийн ухааны доктор, Эх Орончдын Нэгдсэн Эвслийн Тэргүүн Т.Баярхүү ярилцлага өгсөн байдаг. Энэ мэт булхай луйврын эзэн, МАНАН-гийн эцэг, шударга бусын хонгилыг бий болгогч гэгддэг Ц.Элбэгдорж хүүгээ монгол төр рүү зүтгүүлж буйн учир юу вэ? Э.Эрдэнэ ИТХ-ын төлөөлөгч болсон хойноо “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Мэдээж, хүүхэд бүр тэр дундаа хөвгүүд аавыгаа харж өсдөг. Тиймээс би хүүхэд байхаасаа л аав шигээ хүн болно, улстөрч болно гэж боддог байсан юм” гэсэн байдаг. Үүнээс харахад ч Ц.Элбэгдоржийн хүү Монголын төрд орж түүний үйл хэргийг үргэлжлүүлэх нь тодорхой юм. Ц.Элбэгдоржийн Монголын төрд учруулсан хохирол багадаагүй гэдгийг ард түмэн мартаагүй биз ээ. 

 

 

 

 

Л.Галбадрах

sonin.mn