Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан П.Д  нь Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт

  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол улсын олон улсын гэрээнд захирагдана”,
  • мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.17 дахь хэсэгт заасан “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах”, 27.1.18 дахь хэсэгт “шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”,
  • 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол оролцохоос татгалзах, эсхүл уг болзошгүй нөхцөл байдал үүсэж болохыг шүүх ажиллагаанд оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзан гаргах санал тавих боломжийг хангах үүрэгтэй” гэх заалтыг тус тус зөрчиж иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1051 дугаартай иргэний хэргийн хариуцагч П.О-ы ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, улмаар П.О-с 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамаатан болох А.Н-ээр дамжуулан 1,000,000 /нэг сая/ төгрөг авсан талаар бид өнө нь мэдээлж байсан билээ. 

Түүнийг хахууль авсан хэргээр, түүнд хахууль өгсөн хүнийг хахуул өгсөн хэргээр шүүсэн. 

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019-09-23-ны өдөр хэлэлцээд хахууль өгсөн гэм буруутай тооцсон юм. Улмаар шүүгчээр ажиллаж байгаад  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний 44 дугаар зарлигаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн П.Д шүүгчид нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил арван сарын хугацаагаар хасаж нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оноосон юм.

Уг ялыг давж заалдах шатны шүүхээс хэвээр нь үлдээсэн.  Үүнтэй холбоотойгоор УДШ уг хэргийг өнөөдөр хянан хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 979 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийн 1113 дугаар магадлалтай, П.Д, П.О нарт холбогдох 6 хавтас хэргийг шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ. 

Улмаар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу хяналтын шатны шүүх хурал хойшлов. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 

 

Холбоотой мэдээлэл: Хавтаст хэрэг: Шүүгч хэргийн оролцогчоос хахууль авсан хэргээр ял сонслоо

А.Баярмаа