Монгол улсын иргэн Гансүхийн Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна

  1. Өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,
  2. Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 326 841,27 юань буюу 260 262 865,27 төгрөг,
  3. Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119 554 501,46 төгрөг,
  4. Өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466 383,93 юань буюу 111 731 243,25 төгрөг,
  5. Өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4 102,94 юань буюу 971 695,10 төгрөг,
  6. Г.Б нь өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5 002 юань буюу 1 266 950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу 854 141 219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдсон байна. 

Түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу хууль бусаар хөрөнгөжсөн үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 22.10.1-д зааснаар "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар шалгасан. Улмаар хэргийг яллах дүгнэлттэйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2019-10-10-ны өдөр хэлэлцсэн. 

Анхан шатны шүүхээс Гансүхийн Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь гэрчүүдийн тайлбар болон бусал албан  эх сурвалжуудаар нотлогдсон байна. 

Гэвч  энэ хэргийг ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаагаар хаасан юм. Тодруулбал, Г.Б нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох тул уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Үүгээр ч зогсохгүй түүний хөрөнгийг ч хураагаагүй юм. Уг нь “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж...” хэмээн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлсон. Нэгэнт Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүний эрх зүйн байдлыг ямарваа нэгэн хэлбэрээр дордуулж ял, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Хорчид овогт Гансүхийн Бийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хааж,  хөрөнгийг нь битүүмлжээгүй. 

Энэ хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020-01-15-ны өдөр хэлэлцсэн. Улмаар хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаасан байна. 

Ингэснээр ТЭРБУМ гаруй төгрөгийг өөрийн болон төрсөн аав, ах, дүү, салсан эхнэр, одоогийн эхнэрийнхээ дансаар оруулж авсан этгээдийн хэргийг дахин эхнээс нь шалгахаар боллоо. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.