Шинэ онтой зэрэгцээд ахмадууд маань бөөн баяр болон дуулсан мэдээ нь уржигдар ажил хэрэг болж, сэтгэлийг нь амраав. 

Тэтгэврийн зээлтэй байсан ахмадууд энэ сараас эхлэн тэтгэврээ гар дээрээ бүтэн, зээлгүй ахмадууд нэмэгдэлтэй авч эхэллээ. Тодруулбал, Засгийн газраас энэ сарын 1-нээс эхлэн  500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмсэн юм.

Ингэснээр 421.7 мянган ахмадын тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр нэмэгдэж, дунджаар 409 мянган төгрөг болж өслөө. Хэдийгээр тэтгэврийн зээл тэглэгдэх асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа ч ямартай ч ахмадууд тэтгэврээ энэ сараас эхлэн бүтэн авч эхэлсэн, мөн нэмэгдэлтой болсонд тэд баяртай байна.

Харин Засгийн газраас сар шинээс өмнө ахмадууддаа тэтгэврийн зээлийг нь өгөх талаар судалж байгаа гэлээ. Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээг түр зогсоогоод байгаа билээ. Тэгвэл Сар шинийн баярын өмнө зээлийг үргэлжлүүлэн олгож эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг  "Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль гарсантай холбоотойгоор тэтгэврийн зээлд өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэлх сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байж болох хууль гаргасан. Ирэх долоо хоногоос Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтраад, чадвал цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаатай зээлийн нөхцөлийн үнэлгээг тогтохоор ажиллаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг жилийн 6 хувиас дээш тогтоохгүй байх" гэлээ. 

Ийнхүү дахин зээл олголт эхэлвээс "тэглэлт" байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй илүүц биз. Эрх баригчид сонгуулийн жил амттай чихэр ганцхан долоолгоод дахиж өгдөггүй гэдгийг санаарай.