Захиргааны хэргийн шүүгч Э.Зоригтбаатарын эхнэр Э.Э гэх эмэгтэй өмгөөлөгч, хуульчийн эрхгүй нэгэн. Тэрбээр нөхрийнхөө эрх мэдэл, албан тушаалын давуу байдал, хуулийн цоорхойг овжингоор ашиглаж шүүхэд нөлөөлдөг байж болзошгүй тохиолдлыг бид онцолж байна.

Тодруулбал Захиргааны хэргийн шүүгч Э.Зоригбаатарын гэргий Э.Э нь шүүх хуралд итгэмжлэлээр оролцож, шүүх хуралдааны танхимд дураараа аашилдаг гэх мэдээлэл байна. Ингэхдээ тэрбээр хуулийн фирмтэй мэт сэтгэгдэл төрүүлж бусдаас итгэмжлэл авч оролцдог. Түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх гэсэн эрүүгийн гэмт хэрэг байж болзошгүй үйлдэл юм. Харамсалтай нь түүний энэ үйлдэлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулиар хариуцлага тооцуулах боломжгүй байна. Хэрвээ цагдаагийн газарт  гэмт хэрэг үйлдэж буй талаар гомдол гаргаж шалгуулвал тэрээр эрүүгийн хариуцлагаас мултрах бүрэн боломжтой нэгэн. Учир нь түүний нөхөр Захиргааны хэргийн шүүгч Э.Зоригтбаатар юм.

Э.Э нь шүүгч нөхөртөө найдаж боломжит бүхий л муу муухай арга заль хэрэглэж  өөрийнхөө үйлдлүүдийг хаацайлуулдаг гэх таамаг, хардлага байна. Мөн зарим төрлийн эрх зүйн маргаанд өмгөөлөгчөөр зайлшгүй оролцох шаардлага үүсвэл нөхрийнхөө болон өөрийнхөө таньдаг өмгөөлөгч нарыг оролцуулдаг байх юм.

Шүүгч нөхөртэй гэж  эрээ цээргүй аашилдаг гэх Э.Э “Арвижих алтаргана” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нь харагддаг.

Мөн нөхрийнхөө 100 хувь хөрөнгө оруулсан “Монкорд” ХЗХ нөхөрлөлийн ажилд мөн л оролцдог аж.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйл. Бие даасан, хараат бус байдлыг хадгалах 1-д  “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэдгийг зөрчиж байж болзошгүй үйлдэл юм. Мөн шүүгч Э.Зоригтбаатар нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй байна.