БНСУ-ын Намъянжу хотод оршин суугч 35 настай Монгол залуугаас коронавирус илэрсэн тухай тус улсын http://n.news.naver.com/ хэвлэл мэдээлээд буй билээ.

Түүнийг хоёрдугаар сарын 20-нд Монголоос ирсэн бөгөөд ирснээсээ хойш л бие нь муу байсан тул гадуур бараг гараагүй байсан гэж мэдээлсэн нь ташаа юм байна. Коронавирус туссан гэх энэ иргэн нь 2 сарын 20 биш, 2 сарын 12-нд Монгол Улсын хилээр нэвтэрсэн болохыг Монгол Улсын Хилийн мэргэжлийн хяналтын алба албан ёсоор нотолжээ. Уг иргэн элэг, бөөрний архаг өвчтэй байсан бөгөөд үүнийгээ эмчлүүлэхээр БНСУ-ын дүүргийн эмнэлгээр олон хоног явсан байна. Энэ үеэрээ түүнийг халдвар авсан байж болзошгүй гэж үзэж буйгаа ЭМЯ-наас мэдээлэл өгөв.

Эрүүл мэндийн яамны албан хаагчид баярын амралтын энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Тус яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийв. Монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг БНСУ-д хоёрдугаар сарын 25-ны өглөөний мэдээгээр коронавирусийн халдварын 833 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа.

ЭМЯ-наас өчигдөр орой 19.00 цагт мэдээлэл хийснээс хойш олон улс оронд коронавирусийн халдвар маш ихээр нэмэгдэж байна. Эх уурхай тодорхойгүйгээр халдвар тархах нь ихэссэн ажээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "БНСУ-д сүүлийн хоногт 677 хүн халдвар авсан бол өчигдрийн мэдээгээр 833 боллоо. ДЭМБ-аас халдвар цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байна. ДЭМБ-аас болзошгүй цаг тахлын бэлэн байдлыг хангаж ажиллахыг бүх улс оронд анхааруулж байна" гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "23-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүнээс халдвар илрээгүй. Үүний 6 нь БНСУ-ын иргэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 6 хүн тусгаарлагдан, хянагдаж байна. Халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй. Ийм хүнд үед онцгой хариуцлагатай байж, хүн бүхэн анхааралтай байж, төр засгаас өгч буй зөвлөмжийг сахин хангахыг дахин сануулмаар байна. Улс оронд маш хурдан тархаж байна. Хүн болгон сонор сэрэмжтэй байж улс орноо хүндрэлд оруулахгүй байхыг хүсэж байна" гэлээ.