Хүүхдээ гараас гарлаа,  том боллоо гэж бодохгүй цахим хэрэглээнд нь анхаарал тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлага эцэг эх асран хамгаалагчдад үүсээд байна. Тэр тусмаа өсвөр насны хүүхдийн цахим хэрэглээнд анхаарах хэрэгтэй байгааг дараах гэмт хэргээр жишээлэн хүргэж байна.

Монгол улсын иргэн А.А нь 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-ний хооронд "Энхцэцэг Цээгий" болон "Kobeu kobeu" гэх фэйсбүүк хаягаас өөрийгөө "МУИС-ийн гадаад харилцаанд сурдаг, Сансарсайхан" гэж танилцуулан, Баянзүрх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух насанд хүрээгүй хохирогч Б.С-д /15 настай, эмэгтэй/-д садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн “16.8.1”-д заасан Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг  юм. Азаар энэ гэмт хэргийг насанд хүрээгүй охины аав нь харсан болохоор хуулийн байгууллагад хандаж, хэрэг илэрсэн. Улмаар цахим орчинд өсвөр насны хүүхдийг татаж чангаасан хэргээр ял сонссон тохиолдол бүртгэгдээд байна.

Энэ хэргийн талаар насанд хүрээгүй хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтад: Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ фэйсбүүк үзээд сууж байхад "Охид" гээд групп чат нээнэ гэж бичсэн байсан. Мөн охидууд тэр чатад нэгдье гээд бичсэн байхаар нь би бас нэгдэх хүсэлт гаргасан. Тэгээд тэр чатын админ гэх Энхцэцэг гээд эмэгтэй надаас юм асуугаад байхаар нь би анги, сургуулиа нэрээ буруу хэлээд бүртгүүлсэн. Тэрний дараа нэг ийм ах байдаг гээд танилцуулсан. Би танилцахгүй гэж хэлэхэд зүгээр гэж хэлсэн. Тэгээд фэйсбүүк чатаар Сансарсайхан гээд хүнтэй намайг холбож өгсөн. Тэр хүн МУИС-н гадаад харилцаанд сурдаг гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр түүнтэй уулзахаар болоод сансрын клонк дээр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн орчим очиж уулзсан. Тэгээд бид хоёр Сансрын KFC-ийн хажууд байрлах байрны орцонд хамт орсон. Байрны дугаарыг нь мэдэхгүй байна. Шинээр баригдсан байр байсан. Тэр ах орц руу ороод ямар ч юм хэлэлгүй шууд өмдөө тайлаад зогссон. Энхцэцэг гээд эмэгтэй тэр хүний биеийг хараад 5000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би юм ярилгүй мөнгөө шидээд гараад гүйчихсэн. Тэгээд тэндээс автобусанд суугаад гэртээ очсон. Тэрний дараа кобей кобей гэсэн фэйсбүүк хаягаар Сансарсайхан гэх хүн над руу хүнтэй унтаж үзсэн үү? гэхээр нь худлаагаасаа үзсэн гэж хэлсэн. Тэгээд дараа нь чи буудал орж үзсэн үү, хэзээ унтаж үзсэн гэх мэтчилэн сонин асуултууд тавиад байсан юм. Тэгэхээр нь амыг нь дагуулаад хариулаад байсан. Тэгсэн тэр хүн 11 дүгээр хороололд уулзах санал тавьсан. Би зөвшөөрөөгүй юм. Тэгсэн тэр хүн +18 порно сайт орж үзсэн үү гэж асуусан. Энхцэцэг гэж охин надруу Сайханаа гээд ахтай хоёулаа унтчих уу? гэж асуухаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд дараагаар нь Сайханаа ах 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс уулзах санал тавьсан. Надад чатаар хэлэхдээ Энхүүш /Энхцэцэг/ та хоёрт итгэж ингэж хэлж байгаа шүү гэж байсан. Тэгээд намайг 11 дүгээр хороололд байх байрны орцонд уулзах уу гээд байсан. Тэгээд өнөөдөр уулзъя гэж хэлсэн. Манай аав миний утсыг авч шалгаад энэ талаар уншиж үзээд тэр хүнтэй уулзъя гэж чат бичиж байгаад кино үйлдвэрт уулзахаар болж тэр хүнийг барьж авсан. Тэгээд цагдаа дээр ирсэн” гэж мэдүүлжээ.

Харин насанд хүрээгүй хүүхдийг татаж чангаасан хэрэгт холбогдсон А.А нь: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр хуучин ашигладаг байсан "Энхцэцэг цээгий" гэсэн нэртэй фэйсбүүк бүртгэлээрээ "охид" гэсэн нэртэй чат бүлгэмд гишүүнээр ороод тэндээсээ "...." гэсэн хаягтай охинруу чат бичээд танилцсан. Хүнтэй бэлгийн харьцаанд орох талаар л их чат бичдэг байсан. Би эрэгтэй хүний бэлэг эрхтний зургийг интернетээс ухаж олоод С  руу явуулдаг байсан. С хариуд нь "чиний зураг уу, өөр зураг байна уу" гэх зэргээр 10 гаруй хоног харилцаад би С-д "Kobeu kobeu" гэсэн хаяг өгөөд энэ нэг ахын фэйсбүүк нь, энэ ах мөнгөөр өөрийн бэлэг эрхтний зургаа үзүүлдэг" гэж хэлсэн. Тэгээд би өөрөө 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн байсан "Kobeu kobeu" нэртэй бүртгэлээр ороод С  руу зурвас илгээн Энхцэцэгээр дамжуулан танилцаж байгаа дүр эсгэн чаталсан. "Kobeu kobeu" хаягаараа С-тай 10 гаруй хоног чатлахдаа хоорондоо танилцан бэлгийн харилцаа, үерхэл, хайр дурлалын талаар ярилцаад би "Энхцэцэг Цээгий" хаягаараа орж байгаад С  руу "чи нөгөө ахтай уулзах юм уу, дугаарыг нь авах уу" гэтэл авъя гэхээр нь би өөрийн 9515....  дугаарыг өгсөн. Тэгээд цаг гарны дараа миний 9515.... дугаар руу С залгаад "Би сансрын клонк дээр байна. Та хүрээд ирэх үү" гэхээр нь Сансрын клонкын урд талын автобусны буудал дээр уулзаад автобусны буудлын урд талд байдаг 5 давхар байрны 1-р орц руу ороод би орцонд зогсож байгаад өмдөө тайлаад бэлэг эрхтнээ харуулсан. Тэгсэн С  "Энхцэцэг Цээгий чиний зургийг аваарай гэсэн юм гэж хэлээд утсан дээрээ миний нүцгэн зургийг дараад 5.000 төгрөг шидчихээд" гүйгээд явчихсан. Учир нь би С-д "Энхцэцэг цээгий" нэртэй хаягаасаа ороод С-д бэлэг эрхтнийг нь харчихаад 5000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд маргаашнаас нь дахин фэйсбүүкээр харилцаж байгаад 4 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгзэр сарын 30-ны өдөр Кино үйлдвэрийн автобусны буудал дээр уулзахаар тохиролцоод очиход С  ээж, аав хоёртойгоо хамт хүрээд ирсэн, тэгээд цагдаа дээр ирсэн. Би С-тай бэлгийн харьцааны талаар ярьдаг байсан ч унтаж хэвтсэн зүйл байхгүй. Энхцэцэг цээгий гэх хаягнаас эмэгтэй хүн болж танилцан харилцаж байгаад өөрийн "Kobeu kobeu" нэртэй хаягийг өгч тэр хаягаасаа эрэгтэй хүн болж бичдэг байсан” гэж мэдүүлэг өгч хэргээ хүлээсэн байна.

А.А нь насанд хүрээгүй хохирогч Б.С-д өөрийн бэлэг эрхтнийг болон садар самууныг харуулсан зураг фэйсбүүкээр илгээж үзүүлсэн, бэлгийн харилцаанд орохыг санал болгож энэ талаар чатаар харьцсан нь хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан үйлдэл юм. Гэмт этгээд нь уг гэмт хэргийг үйлдсэнээр хүүхдийн эрх, ашиг сонирхол, хүмүүжил төлөвшилд санаатайгаар халдаж, нийгмийн ёс суртахууныг санаатайгаар зөрчиж өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нийгэмд аюултай үйлдэл юм.

Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.А-ыг хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч А.Аыг шийтгэсэн байна.

Хэрвээ эцэг эх асран хамгаалагч нь энэ хэргийг таслан зогсоогоогүй бол өсвөр насны охин бусдад уруу татагдах эрсдэлтэй байв. Тиймээс өсвөр насны хүүхэдтэй эцэг эх бүр хүүхэдтэйгээ  байнга ярилцаж байх, болзошгүй энэ мэт эрсдэлээс алхам тутамд нь сэргийлж байна уу.