Унасан дээр нь дэвсэлж байгаа ч юм биш. Гэхдээ л “37-р точка” киноны хамгийн муу дүр эхний анги дээр л ил болсон. Тэр нь Гомбын Ялалт. Бээлийн чинээ байхдаа л томчуудын ч санаанд оромгүй гэмт хэргийн сэдлээ бодит болгон хуруун чинээ дүү нартайгаа хамт хүнсний вагон тоносон нөхөр дөө. Өлссөндөө, ар гэрээ тэжээхийн тулд тэгсэн гэж зөвтгөж болох ч гэлээ өсөж том болтлоо, ажил хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн хойноо ч улсын өмч хөрөнгийг хулгайн замаар завшсаар л байсан. Ингэснээр дүү Лутаа, Болдоодоо ажил хөдөлмөр эрхэлснээс, хулгай хийвэл, хууль зөрчвөл амар хялбар аргаар хурдан, илүү их мөнгөтэй болдог гэсэн буруу сэтгэхүйг гүн бат суулгасан. Тиймдээ ч Лутаа, Болдоо “Өнчин улаан”-ынхантай нийлж, тухайн үед нийгмийг донсолгосон савхины дэлгүүрийн дээрмийг зохион байгуулсан бөгөөд цаашлаад шагийн архи, мөрийтэй тоглоомын газарт суурилсан анхдагч “сүүдрийн бизнес” байгуулагдсан түүхтэй.

Харин Зоригт бол нэр шигээ Зоригтой залуу. Тэр Ялалтын саналаас татгалзаж, хүнсний вагон тонох бохир ажлаас өөрийгөө татсан. Сүүлд ч Лутаа, Болдоо ахтайгаа шагийн архи, мөрийтэй тоглоомын газраас нь болж маргаж, харилцаагаа ч тасалсан. Мөн Дэлгэр өргөмөл гурван хүүгээ хүнийх гэж ялгалгүй бүгдийг нь их, дээд сургуульд явуулсан ч эхлээд Ялалт дараа нь нөгөө хоёр нь сургуулиа хаяж точкадаа ирснээр, өргөн өмд өмсөж, өртөөний үүд сахих болсон. Харин Зоригт л их сургуулиа төгсөж, мэргэжил боловсрол эзэмшсэн.

Ялалтын “фракц” хүнсний вагон тонодог нь илж болж, цагдаа сэргийлэхийнхэн мөрөөр нь ороход Дэлгэрийнх хот руу нүүсэн. Энэ үеэс Ялалт ариун цагаан хөдөлмөрт шамдахын хажуугаар спортоор хичээллэсэн. Гэвч багаасаа л хүнс хулгайлж, өртөөн дээр бусдын халаас суйлж нас биед хүрсэн Лутаа, Болдоод үйлдвэрт ажиллаж зовлогоо зовоосны эцэст сарын бөгсөнд цалин нэртэй хэдэн бор төгрөг авах таалагдсангүй. Ийн “Өнчин улаан”-ы буруу гарынхантай толгой сээрээрээ холбогддог. Энэ үед Ялалт хоёр бүтэхгүй дүүдээ анхаарал хандуулж, ахын “зангараг” гаргаж болох л байсан. Гэвч амиа хоохойлсоор.

Азийн аваргын эрх олгох боксын тэмцээний хагас шигшээд Ялалт тавхан минутын өмнө “Хэн нь ч ялсан яахав дээ” хэмээн дотно байсан Тулгатыг яагаад гэнэт 180 градус өөрчлөгдсөнийг анзаараагүй. Хэрвээ анзаарч, ойлгож, ярилцсан бол Тулгат тийм эрт хорвоог орхих байсан уу.

Ялалт охин дүүтэйгээ жиг ургуулж, алцганахгүйгээр спорт төвийн төв хаалгаар гарсан бол, Лутаа, Болдоо, “Өнчин улаан”-ыхан дээр очсон бол хүний аминд хүрсэн эхний улаан утаа асахгүй байж болох л байсан.

Ялалт, Лутаагийн хэргийг үүрэхдээ хэнээс ч асуугаагүй. Дур мэдэн өөрөө л шийдчихсэн. Солонгоогоос зугтах, Лутаад нэр хүнд олох буюу нэг сумаар хоёр туулай буудах сайхан боломж гэж харсан. Энэ үедээ эхийгээ бодоогүй. Төрсөн хүү Зоригтоосоо ч илүү хайрлаж явсан Ялалт нь хүний аминд хүрснийг сонсоод Дэлгэр шоконд орж, улмаар авто ослын хохирогч болоход нөлөөлсөн байх талтай.

Ялалт ачигдахынхаа өмнө уулзахдаа Лутаад ухамсрын шанаа, нэг сайн сануулга өгсөн бол Лутбаатар, Болдоогоо дагуулан “Өнчин улаан”-ы буруу гарынхнаас харилцаагаа тасалж, зөв сайхан зам руу орох ч байсан юм билүү.

Бүр тэрнээс ч өмнө Лутаа, Болдоо хоёрыг гэртээ согтуу ирэхэд нь л ахын нударганы амт үзүүлсэн бол байдал тийм дээ хүртэл дордох байсан уу.

Гомбо Ялалтад ямар ч өргүй. Тэр өөрийгөө эрсдэлд оруулан өлгийтэй Ялалтыг Пунцаг, Дарамын гараас аварсан бол шоронд мөн авраад өөрөө үхсэн. Гэвч Ялалт гэмгүй нэгэнд(аавдаа) хүйтэн мэс хүргэн байж, түүнтэй уулзах “виз” авчихаад амьсгал хураахад нь ядаж баярлалаа ч гэж хэлээгүй.

“Монголд болохгүй юм гэж байдаг юм уу” Гомбын Ялалт

Сайдын үр удам гэдгээ сонссоноос хойш Ялалт буруу сэхсэн. Ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь эдэлнэ гэсэн шиг Лутаагийн объектыг булаан, улмаар “бизнес”-ийг нь сэргийлэхэд мэдэгдэж, “Өнчин улаан”-ы нууц “казино”-ийн “голыг тасалсан”. Мөн гол хамтрагч Болдоог нь өөртөө “урвуулсан”. Ийн Лутааг Галттай нийлэхээс ч аргагүй байдалд хүргэсэн.

Солонгоог үргэлж, өөрөөсөө түлхэж, шоронд байхад нь авчирсан халуун хоол, цайнд нь хошуугаа ч хүргэлгүй, соёлтойгоор “зайл” гэж хэлсэн, нэг ч захидалд нь хариу бичээгүй мөртлөө “Гадаа хүйтэн байна. Ахдаа нэг хийчих” гэж тэнэгтэх нь Ялалтад шал илүү зан.

За тэгээд сүүлээр ороод ширүүхэн дайрна гэдэг шиг Монголын төрөөс иргэн бүрт өгсөн цэнхэр, ягаан тасалбарыг Хавчигтай нийлж, хууль бусаар буюу дээрэмдэх, шантаажлах замаар цуглуулж эхэлсэн. Хууль бус спирт хилээр оруулж, тэрийгээ нуун дарж, хууль сахиулах байгууллагыг мэхэлсэн. Хамгийн том алдаа нь бизнес сэтгэлгээтэй, салбарынхаа талаарх тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай Болдоогийн зөвлөгөөг дагалгүй, Содномд итгэж, дүүгийн (ер нь бол гэр бүлийн өмч)-хээ бизнес, компанийн нууц, бичиг баримтыг “чоно”-нд бэлдээд өгчихсөн.

Ялалт Зоригт, Солонго хоёртой утсаар ярьсныхаа дараа Болдыг эмнэлэг явуулаад, өөрөө гүүр рүү очиж болох л байсан. Тэгсэн бол байдал өөрөөр эргэх байлаа. Бодлогогүй энэ шийдвэр нь Болдыг “алуурчин” болгочихлоо.

Галт Тулгатыг Лутаа алсныг мэдвэл шууд алах нь ойлгомжтой. Үүнийг мэдсээр байж сүүлд үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Лутаагаар “дэр” хийх гэж байгаа юм шиг “Би хэлчих үү, чи өөрөө хэлэх үү” ч гэх шиг.

Уснаас хуурай гарах урлаг гэж байдаг даа. Харин Ялалт хэний ч эзэмшээгүй уснаас гоё гарах урлагийг хамгийн сайн эзэмшсэн хүн.

 

www.mnb.mn