Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.05/

Нэгдүгээр  сарын 9-нөөс хойш 532 сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ. Тухайн иргэдийг "Багабаян" амралтын газар болон ХӨСҮТ-д тусгаарлаж, хяналт шалгалт хийж байгаа билээ.

Гэтэл тусгаарлагдсан хүмүүсийн дунд зөрчил гаргасан иргэд цөөнгүй байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан  “Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа ажилд зарим иргэдийн хариуцлагагүй байдал чирэгдэл үүсгэж байна. Тухайлбал, Улсын хоёрдугаар эмнэлэгт сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдэн, тусгаарлагдсан байсан иргэн цүнхэндээ согтууруулах ундаа нуун орж, түүнийгээ хэрэглэсэн. Согтуурсан үедээ бусад өрөө, тасалгаа руу орох гэж оролдсон, хүмүүсийг өдөөн хатгасан зэргээр тусгаарлах байрны дүрэм журам зөрчсөн. Мөн "Багабаян" амралтын газарт тусгаарлагдсан Б гэгч эмэгтэй өөрөө сувилагч мэргэжилтэй ч бусдыг "Эндээс гаръя" гэж уриалан, эсэргүүцэл үзүүлсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарна гэж дураараа авирласан. Налайхын нэг иргэн онгоцноос буугаад зугтаах гэж оролдсон" гэлээ.