Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурлан зарлан мэдээлэл өгөх үеэрээ АН-ын үйл ажиллагааг нэлээд шүүмжлээд авав. 

Тэрбээр яриан дундаа АН УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээсээ 100 сая төгрөг авч буйг шүүмжилсэн юм. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БЗД-т АН-аас нэр дэвшинэ гэдгийг хэллээ. Тэрбээр “Эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц БЗД-т АН-аас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна билээ” хэмээн мэдээлэл хийсэн юм.

Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Хурцийн хувьд яагаад энэ суудал руу тэмүүлээд байгаа шалтгаан нь сонин юм. Хууль хүчний байгууллагад томоохон алба хашиж байсан тэрбээр ял сонсож ч магадгүй байдалтай байгаа билээ. 

ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч,  С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хянаж байгаа талаараа мэдээлсэн билээ. Уг хэргийн шүүх хурал одоогоор товлогдох эсэх нь тогтоогдоогүй байгаа.

Түүний холбогдсон хэргийг өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургаан өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн.  Харин прокурорууд хэргийн бүрдэл хангагдсан, нотлох баримт хангалттай гэж үзээд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм.

Тус шүүх өнгөрсөн аравдугаар сард тэдэнд холбогдох, бусдыг эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх хэргийг хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Уг магадлалыг нь хэргийн холбогдогчдын өмгөөлөгч нар үндэслэлгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд хяналтын шатны шүүхийн шүүгчид хэрхэн шийдвэрлэх нь өдгөө тодорхойгүй байгаа юм. 

Ял сонсч, аавын хаалга ч татах өндөр магадлалтай тэд хэнд, юунд найдаж, ирэх сонгуулийн ажлаа эхлүүлж, ирээдүйн албан тушаалаа мөрөөдөж суугаа юм бол...