Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж нэлээдгүй олон хүний нэр дурдагдсан зүйлсийг ярив. Тэдний дотроос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой ноцтой асуудлыг ийн сөхөн хэлсэн юм. 

Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байгаатай холбоотойгоор тус үйлдвэрийг тойрсон учир битүүлэг олон олон асуудал гарч ирсэн. Тухайлбал, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн компаниудын эрэмбийг тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон. Монгол Улсын талд зардлыг өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь тогтоогдоод байна. Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа.  

Үүгээр зогсохгүй Ц.Элбэгдоржийн найзууд нь "United friends" гэдэг компани байгуулсан. Тэр дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон. Ийм учраас Ц.Элбэгдорж Монгол Улсад ирж чадахгүй байгаа юм.

Ц.Элбэгдорж гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан хаана байна. Одоо ирж нэн даруй шалгуулахыг шаардаж байна. Бүтэн зургаан сар үргэлжилдэг хурал гэж юу байхав дээ. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй. Тэд таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Ийм буудлын төлбөрийг яаж төлж дийлэх вэ? Ямар хэмжээний төлбөртэйг мэднэ. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байна" хэмээсэн юм.