Андгайндаа үнэнч байх гээд андын журам, ард түмэн яриад суучихдаг айхтар гөжүүд Ерөнхий сайдтай улс даа, манайх. Адуугаа амьдаар нь хил давуулахгүй гээд алдлаад хэвтчихнэ. Адлуулаад ч гэсэн нефтийн үйлдвэр босгоно гээд амсхийхгүй зүтгэнэ. Улс юм чинь, Уханиас иргэдээ авна гээд урагшаа дайрчихна.

За тэгээд зам бараадаж, зам тосч, зам туулж өссөн жолоочийн хүүгийн замын дунд хүнээ хаядаггүй зан юм байгаа биз. Япон, Солонгос, Герман, Туркаас иргэдээ авна, эх оронтой хүмүүс ээж аавдаа ирэг гээд чухам чухал зорилго тавьж дээ. Өнөөх л ядуу улсын зовлон, өрөөлийн нутагт байгаа иргэддээ ядаж шинжилгээ хийлгээд авахыг Онцгой байдлын комисс чухалчлан журамласан аж. Тэгсэн дан ганц Монголоос шалтгаалдаг юм гэж юу байхав, цэнхэр гариг доргиж байхад цэртэй болгоныг ч яаж шинжилж амжихав. Өдөртөө тухайн улсынхаа хүчин чадлаас хамаараад эмнэлэгт хандсан 6-12 мянган иргэнээ шинжлээд ч амжихгүй, шигшээд ч дуусахгүй, аргагүй байдлаа ам алдан тоочиж угтжээ. Манайхны өөдөөс "Өвчингүй Монгол байтугай өөрсдөө хэцүүхэн байна" гэж өрөвдмөөр учирлаж, өчнөөн уучлалт хүсчээ. Ингээд нөгөө анхны байдлаар гаргасан журам ч будаа, дүрэм ч бүр будаа. Цаг алдвал монгол иргэд тухайн орноосоо халдвар авах эрсдэл хормоор хэмжигдэж, агшнаар тоологдоод байдаг. Нөгөө гөжүүд Ерөнхий сайд маань "Монгол Улс өвчтэй эрүүл ялгаагүй, өөрийн иргэдээ авах л болно" гээд зүтгүүлж дээ. Эрүүл мэндийн яам, эмч сувилагч нар ч "Эх орноо гээд ирж байгаа иргэдээ эмчилнэ, эдгээнэ, чадах бүхнээ хийж, мэдэх бүхнээ сорино" гээд жинхэнэ монгол цус нь хатгаад жирийтэл эгнэж зогсоод л тусгай үүргийн онгоцоо тулааны шугам руу хөөргөсөн аж. Урд шөнө нойргүй хонуулангаа алдсан вирустай гурван иргэний түүх энэ юм. Монгол Улс иргэдээ авах болно. Бусад улс гүрнүүдийн адил булиглах цус, цохилох зүрх нэгтэй иргэдээ эх оронд нь авчрах болно. Тэдний дунд covid-19-өөр өвдсөн хүн цаашдаа ч нэг бус ирнэ. Харин үүнд л бид бэлтгэлтэй байх учиртай. Тиймээс би шинжилгээнд хамрагдсан иргэнээ авчирна гэсэн яалаа, гаргасан журмаа зөрчлөө гэж гайхаж зэмлэсэн үгээ энэ их хүн чанарын өмнө, эх оронч сэтгэлийн өмнө буцааж байна. Үйл явдлын галзуу хурдтай хувирал дунд үүнээс илүү ч өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Харин юу гээч? Эх орноо тэмцэж, ээж аавыгаа бараадан ирж буй иргэдийнхээ жаргал зовлонг Ерөнхий сайдын PR мэтээр мушгин гуйвуулаад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Үхэл амьдрал зэрэгцэж байхад ёстой үхсэний чинь PR манатай. Улстөржүүлж болдоггүй учир шалтгаан гэж бий. Тэр нь хэлж ирдэггүй өвчин, хийсч ирдэггүй үхэл билээ. Засгийн газрын хэвлэлийн албаны зураглаач, зурагчид онгоцонд бичлэг хийгээд явж байсан мэтээр асуудлыг илт гуйвуулж, илэрхий улстөржүүлж байгааг бүгд харж байна. Онгоц тоссон бүх хэвлэлийнхэн гуравдугаар шатлалаас зураг авч, бичлэг хийсэн гэдгийг нотлох зургууд ч байна. Хүн нь байтугай адуу нь эх нутгаа л тэмцдэг хөх Монголын үр сад байтлаа дээрээ тэнгэр, дэргэдээ бурхан, дээдэлдэг аав ээж, дээлээ хуваадаг анд нөхөргүй юм шиг энэ вирусыг л улстөржүүлэхгүй байж байгаад учиртайхан ард нь гарцгаая.

Нээрэн, сонин дуулгахад нөгөө франц маань адууны махтай сармистай шөлнөөс бүүр уйдаад, "Одоо пиццагаа идэж, кофегоо ууя" гээд босоод ирсэн гэнэ билээ шүү. Хаа хамаагүй тэнэж амжсан францыгаа хамгаалж тусгаарлаад босгочихсон юм чинь харийн газраас эх орноо зорьсон халуун цуст монголчуудыгаа эдгээнэ шүү. Анхнаасаа тусгаарлаж авчраад, амжиж оношлоод, монгол газрын агаар салхи, монгол хүний сэтгэл ухаанаар угтсан юм чинь болно доо, болно. Тэгээд ч хүн хүнд үнэтэй, хүний нутагт эх орон үнэтэй. Инээж тосчихоод ингэж адлахгүй, зориод ирснийхээ зовлонг хуваалцана, амжаад ирснийхээ амийг сахина, гүйцээ!

Р. Эмүжин