Коронавирус буюу COVID-19-ын халдвар 173 оронд өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байна.  Өнөөдөр гэхэд  Фижи, Никарагуа, Сальвадор, Чад, Нижи Африкийн таван оронд шинээр нэмэгдэж бүртгэгджээ.

БНСУ, Иран, Итали, АНУ, Дани, Испани, Герман, Франц, Швейцар улсад өвчлөл эрчтэй тархаж халдвар авсан хүний тоо мянга мянгаар нэмэгдсээр байна. Коронавирус буюу COVID-19-ын халдвар бүртгэгдсэн эхний 3 сард  100 000 хүн өвчилсөн бол сүүлийн 12 хоногт дэлхийд 100 000 хүн халдвар авсан байна.

Европоос Ази тив рүү өвчин зөөвөрлөгдөж байна. Үүнийг судлаачид Ази тив дэхь өвчний хоёр дахь давлагаа гарах нь гэсэн тооцооллыг хийж байна. Учир нь Сингапур улсад  33 тохиолдол, БНХАУ-140 гаруй тохиолдол европын орнуудаас зөөвөрлөгдсөн байна. Тиймээс бүх орон урьдчилан сэргийлэх болон  хамгаалах хэрэгтэйг ДЭМБ-аас анхааруулж байна.

Итали улсад 24 цагийн дотор нас баралт 427 бүртгэгдэж COVID-19-ын халдвар авч нас барсан хүний 3405 хүрсэн нь  уг өвчин анх бүртгэгдсэн БНХАУ-аас давсан үзүүлэлт юм. Хятадад нийт 80928 хүн халдвар авснаас 3245 хүн нас барсан бол Италид 41035 хүн халдвар авснаас 3405 хүн нас бараад байна.

Африкийн улсууд хилээ хааж эхэлсэн байна.  10 гаруй хоногийн Африк тивийн 55 улсын 5 улсад халдвар бүртгэгдээд байсан бол өнөөдөр 34 улсад нь халдвар бүртгэгдээд байна. Дээрх улсуудад нийт 650 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол тус тивийн  1.3 тэрбум хүн өвчлөх эрсдэл өндөр байна.

Аргентин, Израильд онц байдал зарлаж бүх хөдөлгөөний хориглох шийдвэр гаргасан байна. Тиймээс Израиль улсад иргэдийг гэрээсээ гарахгүй байж, хатуу хөл хорио тогтоосон. Иргэд зөвхөн хүнс, эм авахаар гэрээсээ гарч болох бөгөөд хорио цээрийн хэрэгжилтэд тус улсын цагдаа хяналт тавьж байгаа. Энэ бол хүсэлт, зөвлөмж биш заавал биелүүлэх ёстой үүрэг гэдгийг тус улсын Ерөнхий сайд анхааруулсан байна.  

АНУ-д 5000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн. Калифорни мужид гэрээсээ гарахгүй байхыг хатуу хориглосон.

Дэлхийн 107 улсад үндэсний хэмжээнд бүх сургуулиудыг хаасан байна.

ДЭМБ-ын мэдээллээр Европын бүсэд шинэ халдварын тоо 10221, Номхон далайн баруун бүсэд 488 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Өвчлөл бүх тивд бүртгэгдсэн бөгөөд дэлхийн хэмжээнд 209 839 хүн COVID-19 халдвар  авчээ.

АНУ-д шинээр 4557 хүнээс халдвар илэрсэн нь Италийн араас орох өндөр үзүүлэлт болжээ.

Тэгвэл манай хойд хөрш ОХУ-д коронавирусийн халдвартай эхний хүн нас барсан нь 79 настай эмэгтэй гэдгийг Москва хотын эрүүл мэндийн албаныхан өчигдөр (2020.3.19) мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтэж байхдаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор тусгаарлагдсан аж. Түүнийг коронавирусийн халдвараас гадна өөр суурь өвчтэй байсан учраас нас барсан гэдгийг албаныхан мэдэгджээ. Тус улсад одоогийн байдлаар халдварын 147 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.