Испани улсад коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо БНХАУ-д албан ёсоор бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг давжээ.

Ингэснээр Испани хамгийн олон нас баралт бүртгэгдсэн орнуудын хоёрдугаарт жагсаж эхэллээ. 

Испанид сүүлийн 24 цагийн хугацаанд нас барсан хүний тоо 738-аар нэмэгдэж, 3434 болсон нь Италид тухайн хугацаанд бүртгэгдсэн тоон үзүүлэлтээс /683/ өндөр байжээ. Хятадын албан ёсны мэдээллээр тус улсад 3285 хүн нас барсан бол хамгийн олон нас баралт бүртгэгдсэн Италид 6820 хүн нас баржээ.

Испанид сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 47 мянга давсан бөгөөд 27 мянга орчим хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Мадрид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бүс нутагт тооцогдож байгаа хэдий ч зүүн хойд нутгийн Каталонд халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж байна.

“Шадар сайд Кармен Калвогийн коронавирусний шинжилгээ 'эерэг' буюу халдвартай гарсан” гэж Испанийн Засгийн газар мэдээлжээ. Түүнд амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд өнгөрсөн ням гарагт эмнэлэгт хүргэгджээ.

Парламентын гишүүд улсын хэмжээнд зарласан онцгой байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 11 хүртэл хоёр долоо хоногоор сунгах талаар санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Уг дүрмийн дагуу хүмүүсийг үндсэн хэрэглээний болон эмийн бүтээгдэхүүн худалдан авах, ажилдаа явахаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглож байгаа ажээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар 460 мянга гаруй хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн нас барж, 110 мянга гаруй хүн эдгэрчээ. 

 

Испанид нөхцөл байдал ямар байна вэ?

Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор 738 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 7973-аар нэмэгджээ. Тус улсад нэг өдрийн дотор халдварын хамгийн тохиолдол, нас баралт бүртгэгдэж буй нь энэ юм. 

Испанид нийт 47610 хүн халдвар авсан байна. Каталонд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 10 мянга дөхсөн бол Баск, Андалусиад 3000 мянга гаруй тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин халдвар хамгийн их тархсан Мадридад 14597 хүн халдвар авчээ.

Мадрид хотын оршуулгын үйлчилгээний газар “COVID-19” халдварын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг хүлээн авахаа мягмар гаргаас зогсоосон бол хотын томоохон мөсөн талбайг түр хугацаанд цогцос хадгалах газрын зориулалтаар ашиглахаар болжээ. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг