Улс төрийн нам, улстөрчид хандив өгсөн бизнес эрхлэгч, томоохон бүлэглэлийн захиалгаар шийдвэр гаргаж, тэдний гар хөл болж буйг өнгөрсөн хугацаанд олон нийт нэлээд их шүүмжилсэн.

Гэсэн ч АН УИХ-д нэр дэвшигчдээ бизнес эрхлэгчдийн халаасанд оруулах бодлогыг 100 саяын дэнчингээрээ дахин бий болголоо. Ингэхдээ улстөрч гэдэг 100 сая төгрөгийн чадамжтай, ийм хэмжээний хандив босгох найзтай байх ёстой гэдгээр бүгдийг таглаж байна. Гэлээ гээд гишүүн төвтэй болж шинэчлэгдсэн гэх АН мэдлэг боловсролтой, ёс зүйтэй төлөв төвшин, хөгжлийн  бодлого тодорхойлох хүнээс илүүтэй хөрөнгө мөнгөний шалгуурыг нэгдүгээрт тавьсан нь үзэл баримтлалаасаа ухарсан үйлдэл болов.

АН-ын үзэл баримтлалд “Хувь хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах үйлдлийг үл тэвчинэ", “Хувь хүн эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мэдээллийн болон оролцооны нээлттэй, тэнцвэрт байдлыг хангана” гэж заасан байдаг. Гэтэл ийм үнэт зүйлд тулгуурласан суурь зарчим, үзэл баримтлалаа АН уландаа гишгэв. Гишүүдээ хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж, тэгш боломжоор хангах зарчмаа ингэж үгүй хийлээ. Одоо мөнгөө төлсөн хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй гэдэг шиг дэнчингээ өгсөн хүн ёс зүй, боловсрол, мэдлэг чадвар, туршлагаас үл хамааран нэр дэвших эсвэл албан тушаалд хүрэх эрхтэй болов.

Учир нь, 100 сая төгрөгийн дэнчин өгсөн хүмүүсээ АН нэр дэвшүүлэхгүй бол дараа нь улс төрийн дэмжлэг үзүүлж, албан тушаалд хүргэнэ гэдгээ мэдэгдсэн. Харин албан тушаал амлаж, хандив дэнчин авах хуулийн гаргалгаа байхгүй. Үндсэндээ албан тушаалын наймаагаар төрийн эрх мэдлийг авах гэсэн “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй 100 саяын дэнчин ялгаагүй нь үнэн. Энэ нь зөвхөн албан тушаалд хүргэхээр хязгаарлагдахгүй. Дэнчин өгсөн горилогчид, тэдэнд хандив өгсөн бүлэглэл, бизнесийнхний эрх ашгийн дагуу төрийн шийдвэрийг гаргах нь ойлгомжтой. Ингээд хандив нэртэй авлигаар сүлжээ байгуулж, төрийн болоод ард иргэдийн эрх ашгийг эрсдэл рүү дахин хөтөллөө. Энэ талаар АН-ын гишүүд ч өөрсдөө нэлээд их шүүмжилсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн, Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Маргад-Эрдэнэ, Э.Төмөрбаатар гээд АН-ын гишүүд дэнчингийн 100 сая төгрөгийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байгаа.

 

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 100 САЯ ТӨГРӨГИЙН  ДЭНЧИН ӨГСӨН ГЭВ

 

Баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй ч 100 сая төгрөгийн дэнчин өгч, АН-аас нэр дэвших эсвэл албан тушаалд хүрэх эрх өвөртөлсөн 181 хүний нэр ил боллоо. Энэ тухай саяхан “Хера Холдинг" группийн Ерөнхийлөгч Х.Ганхуяг мэдээлж, 181 хүний жагсаалтыг олон нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр АН-ын гишүүдээс захидал ирүүлж, 100 сая төгрөг өгсөн хүмүүсийн жагсаалтыг өгсөн гэж мэдээлэлдээ дурдсан. Ингэхдээ сонгуульд горилогчдоос мөнгө авсан нь үнэн бол хүний сонгох, сонгогдох эрхийг хангасан Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг тодруулж байв. Энэ нь ч үнэн. Харин жагсаалтад гэмт хэрэгт холбогдон одоо шалгагдаж буй хэд хэдэн хүний нэр багтжээ.

Тэд хэрэгт холбогдон шалгагдаж буйгаас үл шалтгаалж, ийнхүү УИХ-ын сонгуульд горилсон байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан байна. Түүнийг  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой хэрэгт хариуцагчаар татаад буй Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай хамаатуулан шалгаж байгаа.

Энэ хэрэгт холбоотой нэр бүхий долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үндэслэлээр шалгаж байгаа юм. Улмаар өнгөрсөн сарын 9-нд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоогоор шүүх хэргийг хүлээж авах эсэхээ нягталж буй. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт шалгагдаж буй Худалдаа хөгжпийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон 100 сая төгрөгийн дэнчин өгчээ. Түүний холбогдсон “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Улмаар тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны П.Орхон нарын удирдлагуудыг урьдчилан нэгдэж, гэмт бүлэглэл байгуулсан гэж буруутгажээ. Харин уг хэрэгт АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж хамжигчаар оролцсон хэмээн шалгаж буй. Тухайн үед Аж үйлдвэрийн сайд байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах эрхээс татгалзсан гэж буруутгадаг. Үүнээс гадна С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хоригдлуудаас мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-д 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн аж. Түүнийг Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр дэнчингээ өгсөн гэх мэдээлэл гарахад АН-ын удирдлагууд үгүйсгэж байлаа. Харин саяхан цацагдсан мэдээллээр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн хүмүүсийн жагсаалтад генерал Б.Хурц багтаж  байв.

Хэдийгээр гэмт хэрэгт холбогдсон ч шүүхээс гэм буруутай нь нотлогдоогүй үед гэмтэн гэж үзэх хуульгүй. Гэлээ ч шүүхийн шийдвэр гараагүй байхад тэднийг УИХ-д нэр дэвшүүлэх хийгээд сонгох ёсгүй. Олон шатны шүүх хурал дараалан болж, асуудлыг хэдхэн сарын дотор шийдвэрлэхгүй. Мөн гэмт хэрэгт холбогдчихоод АН-д 100 сая төгрөгийн дэнчин өгч, хуулиар хамгаалуулсан бүрэн эрхтэй болох санаархал байж мэднэ.

Гэхдээ АН-д 100 сая төгрөгийн дэнчин өгсөн тэдний буруу биш. Харин мөнгөтэй л бол ямар ч хүнийг эрх мэдэл, албан тушаалд хүргэх дэнчин авч, УИХ-д нэр дэвшүүлэх АН-ын шийдвэрийн гажиг. Харин энэ гажгийг засах боломж АН-ын удирдлагуудад одоо ч бий. Хэнийг нэр дэвшүүлэх нь тэдний эрх мэдлийн асуудал. Нэг үзэл санаанд нэгдсэн хүмүүс хандив цуглуулж үйл ажиллагаа явуулах нь байдаг л асуудал. Гэхдээ хууль тогтоох, төрийн эрх барих, өндөр албан тушаалд очих хүмүүсийг мөнгөөр шалгаруулах нь туйлын буруу бодлого билээ. Мөнгөө төлсөн нь албан тушаалд очих нь АН-ын бодлого юм бол эрүүгийнхэн энэ улсыг удирдаж ч мэдэх гажиг тус намаас л гарч байна гэсэн үг.

 

 

Г.Хэрлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин