Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хаалттай хуралдлаа.

Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын нэгний өдрийг хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.  Тэгвэл хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулав.

Тэрбээр "192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Дэлхий нийтэд 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна. 

Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ.

Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ.

Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй" гэсэн мэдээллийг өглөө.