Ингэж хэлээч гэж бодол санаа минь дотор маажаад амар заяа үзүүлэхгүй юм. Нээрээ ч энэ үгийг хэлэхээс аргагүй цаг ирчихэж. Монголын улстөрийн барометр буруу тийшээ савлаад байна шүү дээ. Дэлхийн нийтийг нөмөрчихөөд байгаа “COVID-19” цар тахал өвчний дуулиантай зэрэгцээд сонгууль угтсан улс төр элдвээр өдөлж бас хөдөлж буйг харав.

Сүүлийн өдрүүдэд бүр ч их. Нэг хэсэгтээ сонгууль болох уу, үгүй юу гэсэн яриа байсан бол эрх баригч намынхан тэргүүтэй нөхдийн үйл ажил, гаргаж байгаа шийдвэр бүхэн нь сонгууль үнэртүүлж байна. Тэд сонгууль хойшлуулах үндэслэл алга гэж улайн цайм зүтгэдэг боллоо. БНСУ-ын парламентын ээлжит сонгууль өчигдөр болчихлоо. Энэ жишээ бас нэг шалтаг болов уу даа. Манай улсад аюулт цар тахал өвчний халдвар бусад орныг бодвол гайгүй гэхээр л. Гэхдээ гадаадаас зөөвөрлөгдөн  ирсээр халдвартай хүний тоо 30 хүрчихлээ. Олз нь хүн эндсэн явдал гараагүй л байгаа. Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар эртнээс ажиллаж эхэлсний үр дүн тэр байх. Гэхдээ уг өвчин дэгдэх магадлал өндөр байгаа. Гэтэл МАН-ынхан няцах шинжгүй “Сонгуульдаа урагшаа” гэж уриалаад байна. Нэгэнт больё, хойшлуулъя гэсэн шийдгүй болохоор Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хууль дүрмийнхээ дагуу амжуулж хэсгийн хороодыг ч байгуулчихлаа. За яахав, юманд арга гэж байдаг болохоор сонгууль хийх нь л дээ. Харин сонгуулийн үр дүн ямар болохыг таахад бэрх. Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал асуулга явуулахад хамрагдсан сонгогчдын 42 хувь нь санлаа өгнө гэсэн бол 52 хувь нь санал өгөхгүй гэсэн дүн гарчээ. Эндээс харахад яарч даарч хийсэн сонгуулийн санал хураалт хүчингүй болбол яахав. Сонгууль дахих болно. Ингэвэл өвчин гэдэг гамшгийн хажуугаар бас нэг гачлан нэмэгдэнэ. Тэгж хэллээ гээд зарим нь муу амтай юм гэх байж магадгүй. Тэгвэл сонгууль болдгоороо боллоо гэе. Харин ямар нөхөд УИХ-д гараад ирдэг бол гэхээс сэтгэл өвдөх юм. Өнөөдрийн өнгөөр харахад олон түмний хүсэн хүлээсэн тийм хүмүүс биш өмнөх шигээ хэн ч биш нөхөд бас олигархиуд нь сонгогдохоор байна шүү дээ. Өнгөрсөн 30 жилд төр барилцаж ч явсан Ардчилсан намынхныг хар л даа. Нэр дэвших бодолтой хүн бүрээсээ 100 сая төгрөгийг татвар нэрээ аваад л байна гэнэ. Нэмээд ч авах юм байх. Мөнгөний сонгууль болох эхлэл энэ. Тус намын зарим нөхдийн хэлэх нь,

-Би 100 саяаа тушаачихсан. Тэгээд намын даргаасаа нэр дэвшиж чадахгүй бол яах вэ гэж асуусан “хохь чинь” гэлээ. Том намын нөхөд хоорондоо ингэж гудамжны танхайчуудын үгээр хэлэлцдэг гэнэ.

Тэгээд намын дарга С.Эрдэнэ “хохь чинь”-ынхоо хойноос “Харин улстөрийн дэмжлэг үзүүлж болно” гэсэн байна лээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ойлгож ядах юмгүй. хэрэв намаа ялсан нөхцөлд тэр татварт авсан мөнгөний чинь оронд албан тушаал өгнө гэж байгаа хэрэг. Нөгөө л МАН-ынханы “60 тэрбум”-тай яг дүйж байгаа юм. Бас мэдлэг боловсролтой, улс төрд ажиллах чадвартай ч мөнгөгүй бол сонгуульд нэр дэвшинэ гэж горьдохын хэрэггүй гэж манай намын дарга хэлсэн гэж тус намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ ярьсан. АН-ын 100 гаруй хүн 100 саяыг тушаасан гэлцэх юм. Тэдний 76 нь нэр дэвшинэ. Тэгээд хэд нь ялж гарч ирэх билээ. Ер нь тэр 100 сая төгрөг татвар биш. Цаад агуулгаараа төрд ажиллах эрх худалдаж авах нэг ёсны хахууль юм. Сонгуулийг хойшлуулахгүй гэж гүрийх МАН-ынхан угаас муу санаага нууж чаддаг. Одоо ч хумсаа нуусан муур шиг л хяраад байцагаана. Тэдний сонгуулийг хойшлуулахгүй гэх нэг шалтгаан нь төр, засгийн толгойд байгаагаа ашиглан төсөв, хөтөлбөрийн мөнгөнөөс тонож зардлаа аль хэдийнэ босгочихсон хэрэг. Дараагийн нэг шалтгаан нь коронавирусын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм хэрэгжиж хорио цээртэй байгаа үед нэр дэвшсэн шинэ хүмүүс сонгогчдод танигдах боломж муу. Үүнийг далимдуулан одоо УИХ-д байгаа хууччуулаа зүтгүүлэх санаа байх шиг.

 

Тэдний бодол “таньдаггүй ламаас таньдаг чөтгөр дээр” гэдэг шиг сонгогчид бидэнд л саналаа өгнө гэсэн эндүүхэн бодолдоо автчихсан байгаа нь илт. Тэгээд яаравчлаад байгаа бололтой. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Бид сонгуульд ёс зүйтэй хүмүүсээ дэвшүүлнэ” гэж хэлсэн удаатай.

Тэр хэлсэндээ хүрэх юм бол өнөөгийн УИХ-ын 40 гаруй бас өндөр албан тушаал хашиж байгаа олон хүн ёс зүйгүйчүүдэд хамрагдана. ЖДҮ-чин нэрээр алдашигчдын цаана төрийн албаны нэр сүрийг баллаж улсын мөнгө хөрөнгө идсэн, хээл хахуульд автагчид олон доо.  МАН-ынхан засагласан 2018-2019 оны хугацаанд хээл хахуульд 11 их наяд төгрөгийг зарцуулсан тухай АТГ-ын мэдээлэлд байгаа гэнэ. Тэгэхээр авлига гэдэг юмыг тэд улам цэцэглүүлжээ гэж болох юм. Нөгөө талаар эрх бариг­чид сонгууль дөхөхөөр иргэдэд таалагдахын тулд чихэнд нь цэцэг ургуулж ухаан бодлыг нь сүүгээр угжих шиг амлалт өгөхийн зэрэгцээ санхүүжилт нь тодорхойгүй халамж талын олон арга хэмжээ авч байна. Энэ нь төсвийн зардлыг нэмж тогтвортой байдлыг алдагдуулж байгаа юм гэж эдийн засагчид дүгнэдэг. Энэ бүхнээс харахад Монголын төр, засгийн ирээдүйн ойрын өнгө төрхөд гэрэл гэгээ тун бага харагдаж байна л даа. Зарим тойрогт нэр дэвших санаатай нөхдийн нэрийн жагсаалтыг сонирхож байхад урьдын адил тайзны дээлээ солиод давхиж ирсэн нэгэн бас зодог шуудгаа авдартаа хийчихээд зангиа зүүж авсан бөхчүүд, хэн нэгэн мөнгөтэй бизнесмений сураг цөөнгүй. Ингэхлээр сонгууль боллоо гэхэд ямар хүмүүс биднийгээ удирдана, зална гэх бол гэдэгт л санаа зовоох юм.

 

 

Ц.Жаргалсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин