“Иргэдийн шударга шүүх” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох, бусдыг заналхийлсэн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг тэрбээр хэвлэлд ярьсан бөгөөд Х.Бат-Ялалтын хувьд уг мөнгөө авсныхаа дараа нэр бүхий сэтгүүлчдийн хамтаар задалсан гэж буруутгагдсан. Сэтгүүлчид нь ч мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ тухай тодотгон тайлбарласан аж.  

Х.Бат-Ялалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хавтаст хэрэгт цугларсан материалыг нь танилцуулахын тулд прокурорын байгууллагаас удаа дараа дуудсан ч ирээгүй тул шүүгч цагдан хорих захирамж гарган өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад буй билээ. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүх хэргийн харьяалал тогтоолгох шаардлагатай хэмээн үзсэн байна. Улсын дээд шүүхээс уг хэрэгтэй танилцаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэлүүлэх харьяалал тогтоосон аж. Үүний дагуу НПГ-аас өчигдөр тус шүүхэд Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 17.6-д 

 

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

2.2.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа. 

Шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.