ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Манай хойд хөршид 24 цагийн дотор 5642 шинэ тохиолдол бүртгэгдэж 53000 боллоо. Өчигдөр 51 хүн нас барлаа. Энэ нь өвчлөл гарснаас хойш хамгийн их нас баралттай өдөр байлаа.

Буриадад 163, Эрхүүд 68 тохиолдол болж өвчлөл нэмэгдлээ. Нийт тохиолдлын 3000 гаруй нь Москва хотод бүртгэгдсэн байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн машинаар явах бол цахимаар бүртгүүлэх, нийтийн тээврээр явах бол билетээ цахимаар бүртгүүлэх, томуу, томуу төст өвчин тусвал коронавирусийн дэглэмтэй адил гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах, дасгал хөдөлгөөн хийх, өрөө тасалгаандаа тогтмол цэвэр агаар оруулж байх зөвлөмжийг мөрдүүлж эхэлжээ.

Даралт ихсэх, зүрхний өвчтэй хүмүүс амь нас эрсдэх аюултай байгаа учраас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үйлчилгээний газрууд урьдчилсан захиалга авч үйлчлэх, 1.5-2 метр зай барих, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт маш сайн хийх зөвлөмжүүд өгч байгаа юм байна.

Япон улсад өнгөрсөн 24 цагт 390 шинэ тохиолдол, нас баралт 20 бүртгэгдлээ. Халдварын тархалт өндөртэй байгаа гадаадын орны иргэдийг Япон улс өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг мягмар гарагт гаргалаа.  

Сингапур улс халдварын тархалтын 2 дахь давалгаанд нэрвэгдэж, халдвар авсан хүний тоо 9000 давжээ. Гадаадын цагаач ажилтан халдвар тараасан бөгөөд цагаач ажилчдын нийт 43 байрны талаас илүүд нь халдвар тархсан байна.

Дунджаар 21-45 хоног ихэнх өвчтөнүүд хэвтэж байгаа дэлхийн жишиг байна. ДЭМБ-аас шинэ шинж тэмдэг танилцуулсан. Хүүхдүүдэд илүү илэрч байгаа юм байна. Улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүгсэн эмзэглэлтэй арьсны өөрчлөлт ихэвчтэн хөл, гарын хуруу, хамрын үзүүрт гарч байна. Коронавирус илэрч байгаа эхний шинж тэмдэг гэж хэлж болно гэсэн байна.

Өчигдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал онцлон хэлэхдээ зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулсныг шүүмжилсэн байна. Улс орон бүр хамтарч ажиллахгүй бол цар тахлын хамгийн хүнд хэцүү үе биднийг хүлээж байна гэдгийг онцгойлон анхааруулсан байна.