МАН-ын генсек Д.Амарбаясгалан Засгийн газрын ХЭГ-ын дарга болно гэв үү

Засгийн газрын бүрэлдэхүүнд тун удахгүй өөрчлөлт орно. Бүтцийн асуудлаа МАН-ынхан битүүхэндээ ярьж, тохирч эхэлжээ.

Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-наас мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн заалт тухайн өдрөөс хэрэгжих ёстой гэж үзэх хэсэг хуульч байгаа.

Нөгөө талд буюу эрх баригчдын зүгээс дараагийн сонгуулиар гарах олонх Засгийн газраа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрдүүлнэ гэж тайлбарлаж буй.

Гэвч юмыг яаж мэдэх вэ гэгчээр МАН хэдийн асуудлаа ярилцаж эхэлсэн байна. Хэрвээ энэ заалтыг биелүүлэхгүй бол УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээх нөхцөл ч бүрдэж мэдэх аж.

МАН-ынхан У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтцийг томъёолохдоо хуульд заасны дагуу дөрвөн сайдаа авч үлдэх тохироо хийхээр төлөвлөжээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд хэвээр үлдэх нь тодорхой. Харин Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь хамгийн түрүүнд давхар дээлээ тайлна. Түүний оронд МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нэрийг “зоожээ”. Угаас мань генсек Говь-Алтайд нэр дэвших хөгөө хөлдөө ширчихсэн. Тиймээс нам нь УИХ-ын сонгуулиар ялалт байгуулвал, албан тушаалаа горилоод сууж байгаа. Тэгэхээр энэ удаа Засгийн газрын ХЭГ-ын дарга болгоход ямар ч асуудалгүй дан дээлтэй сайд болно.

Засгийн газар дээр кабинетийн бусад сайд нараа ерөнхий чиг үүргийн болоод чиглэлийн яамдынх гэж хуваах санаачила яригджээ. Гэвч коронавирусын халдвар дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрч, улс орны хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь нөлөөлөл үзүүлсэн байна.

Тухайлбал, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг өнөөгийн нөхцөл байдалд дан дээлтэй болгох ямар ч боломжгүй. Өнгөрөгч нэгдүгээр сараас хойш коронавирустэй холбоотой бүхий л ажлыг гардан хийж, зохион байгуулж байгаа учраас тэдний ажлыг өгч, авалцах тухайд дуугараад ч хэрэггүй гэж үзжээ. Тиймээс эдгээр сайд нар давхар дээлтэйгээ байх нь зөв. Харин ерөнхий чиг үүргийн яамдын сайд нараасаа мулталж, дан дээлт болгох нь дээр гэжээ. Тодруулбал, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нартай хамт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрыг үлдээхээр тохирсон байна.

Гэхдээ сайд нараа дан дээлтэй болгочхоор УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байгаа учраас гуравдугаар ээлжийн “хоолондоо”-г зохион байгуулахгүй. Түүний оронд тухайн яамдын дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын чадварыг харж байгаад хэн нэгнийг нь хавсран үүрэг гүйцэтгүүлэх олон нийтэд “ЗӨВ” харагдана гэх шийдэлд хүрээд байгаа аж.

Б.Төгөлдөр

www.Erennews.mn