ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү" Алтанбулагийн боомтоор орж ирсэн 47 жолооч Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг Дархан-Уул аймгийн лабораторид хийлээ. Ингэхэд коронавирус илэрсэнгүй. Тандалтын зорилгоор сорьц цуглуулж шинжилгээ хийж байгаа 29 хүнээс коронавирус илрээгүй. Туркийн нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Эдгэрснийхээ дараа 14 хоног өөр газарт тусгаарлагдах байсан ч түүний хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хяналт, тандалтаа хийсэн. Одоо гэрийн нөхцөлд дахин тусгаарлалт, хяналтаа үргэлжлүүлнэ.

Москва хотоос ирсэн оюутнуудад давтан шинжилгээ хийхэд нэгнээс нь коронавирус илэрлээ. Энэ хүнийг ХӨСҮТ-д ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэхэд 13 хоногийн дараа давтан шинжилгээнээр илэрлээ. Тиймээс хүмүүс тусгаарлалт, хяналтын хоногийн хугацаандаа сайтар биеэ хянах ёстойг энэ явдал харуулж байна. Маскаа сайн зүүж, гарын ариун цэврийг сайтар сахих ёстой.  Москва хотоос ирсэн оюутнуудыг ирсэн цагаас нь хойш ганцаар ганцаар нь тусгаарлаж, хяналтыг хийж байсан нь их оновчтой шийдвэр боллоо. Өвчин нууц үедээ илрэхгүй шинж тэмдэггүй давтан шинжилгээгээр илэрч байгаа" гэлээ.

Ийнхүү манай улсад батлагдсан 36 дахь тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ.