БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун эсэн мэнд байгаа гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн дипломат болон үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай зөвлөх Мүн Жо Ин Америкийн “CNN” телевизээр ням гарагт мэдэгджээ.

“Манай Засгийн газар энэ талаар хатуу байр суурьтай байгаа” гэж тэрбээр хэлсэн байна. “Ким Жөн Ун амьд мэнд, эрүүл энх байгаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-наас хойш Вонсан дүүрэгт байгаа бөгөөд ямар нэгэн сэжигтэй хөдөлгөөн ажиглагдаагүй”  гэж Мүн Жон Ин нэмж дурджээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун зүрхний мэс засал хийлгэсний дараа бие нь муудсан гэх тагнуулын мэдээг Вашингтон шалгаж байна гэж “CNN” телевиз өмнө нь Америкийн засаг захиргаан дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилсан билээ. Харин дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. БНСУ-ын эрх баригчид ч мөн Ким Жөн Ун өвдсөн талаар мэдээлэл байхгүй гэж мэдэгдсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн яам “CNN”-ий  эх сурвалжид эргэлзэж буйгаа мэдэгдсэн. Эдгээр мэдээллийг Пёньян дахь мэдээллийн эх сурвалжууд мөн нотлоогүй байна.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг