Монголын төр луйвар хийх болохоороо л “үнэт цаас” гаргадгийг ард түмэн маань мэддэг болсон, дургүйцдэг болсон. Өчнөөн янзын нэртэй үнэт цаас гаргаж, ард түмнээрээ доог тоохуу хийсэн л дээ. Миний бие тэр үнэт цааснуудын тухай нарийн мэдэх учраас жишээ болгож тавханыг нь энд бичье гэж бодлоо.

Намайг хүүхэд байхад “облигац” гэдэг үнэт цаас гарсан. Олон янзын үнэлгээтэй, том жижиг эрээн цаас л даа. “Хэзээ нэг цагт их мөнгө болох юм гэнэлэй” гээд л хадгалуулсан. Ээж минь тэр үнэт цааснуудыг эхлээд хадаганд нандигнаж боогоод хар авдрынхаа ёроолд хадгалж билээ. Олон жил хүлээсэн дээ. Тэр олон облигац лав л мөнгө болоогүй. Сүүлдээ унинд хавчуулаастай утаатай “хар цаас” болсон. Манайх нүүх суух болохоороо өнөөх эрээн цаасаа унинд хавчуулсан хэвээрээ л байсан.

Нэг өдөр авга маань орж ирээд өнөөх облигацуудыг хамж аваад ээжид “галаа ноцоо” гээд өгчихнө билээ. Өнөөх “бөөн мөнгө”-ний хувь заяа ингэж л дууссан даа.

Дараагийнх нь 1990-ээд оны хувьцаа нэртэй ягаан, цэнхэр тасалбарууд. Хоёр янзын эрээн цаас өгөөд “Бөөн  мөнгө шүү. Үйлдвэр аж ахуйн газруудыг ч худалдаад авчихаж болно” хэмээн итгүүлж байсан хүн одоо амьд сэрүүн байгаа. Зах зээлийн нийгэмд шилжиж байна гэхээс өөр ямар ч мэдлэггүй хүмүүс тэр хоёр өнгийн цаасыг бас л хадагандаа боогоод хадгалчихсан. Жилийн дараа ч билүү дээ, өнөөх хоёр өнгийн цаасаа хүүхдийнхээ ажиллаж байсан газарт өгч билээ. Үйлдвэрийн дарга нь “Ашигтай ажиллахаараа ногдол ашиг гэж бөөн мөнгө өгнө” гээд ирмэж байсансан.

Юун ногдол ашиг!  Хэдэн сарын дараа нөгөөх үйлдвэр маань дампуурч гэнэ гээд, нэг дарга нь барилгыг нь, нөгөө дарга нь оёдлын машинуудыг нь, бас нэг хамаатан нь том том боодолтой даавуу материалуудыг нь хамж аваад арилсан даа. Бидний “үнэт цаас” таван төгрөг ч өгөлгүй тэгээд замхарсан.

С.Баяр даргатай МАН-ын гаргаж байсан үнэт цаас. Энэ худал амлаж ялсан намаас 1500000 төгрөг авсан хүн бий юу?

 

Миний бичих гэж байгаа гурав дахь үнэт цаас бол Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцаа. Энэ “үнэт цаасаар” биднийг мөн ч олон жил молигдсон доо. Тэр “таван толгой” гэдэг газар жил болгон “ашиггүй” гээд ашигтай ажиллаж, 1072 хувьцааныхаа ногдол ашиг хүртээнэ гэдэг. Ямар гоё үгээр хуурна гээ! Байгалийн баялагаа ард түмэндээ хүртээж, баян тарган болгоно гэдэг. Худал! Ард түмний тархи угаалт буюу төрийн луйвар энд явагддаг. Цөөн хэдэн хүн хагартлаа баяжсаныг харж байгаа.

Зөвхөн 2018, 2019 онуудын ашиг нь, хувьцаа эзэмшигчдийгээ нэг удаа баярлуулчих хөрөнгө байсан. Ард  түмнийхээ тархийг угаах маш нарийн арга олж байгаа юм. 2018 оны ашгаасаа ногдол ашиг хүртээх гэсэн чинь нэгж хувьцааны үнийг хамгийн багаар бодож сурталчилсан. Тэгээд өөрсдийнхөө хүмүүсээр “ийм бага мөнгийг аваад яахав, бүтээн байгуулалтад нэмэрлэе” гээд өгүүлсэнгүй. Худлаа шүү дээ! Зарим судлаачдын тооцоогоор бол нэгж хувьцаанд хэдэн зуу, мянган төгрөг олгох боломж байсан л  гэх юм билээ. Тэгээд ногдол ашиг хүртээхээ больж, өнөөх их мөнгө төмөр замын бүтээн байгуулалтад нийлүүлчихсэн гэнэ. Яасан худал бол!

 

Төмөр замын бүтээн байгуулалт чинь, батлагдсан улсын төсвөөр хийгддэг байхгүй юу. Битгий ингэж ард түмнийхээ тархийг угаа л даа. Хэн, хэний халаасанд орсон бэ гэдгийг л нарийн шалгаж үзэх хэрэгтэй юм. 2019 оны ашиг түрүү жилийнхээсээ илүү гарсан. Одоо хүртэл хувьцаа эзэмшигчдийнхээ гар дээр сохор зоос тавиагүй. УИХ-ын сонгуулийн өмнөхөн тав, зургаан сарын үед “төр засаг чинь, ардын нам чинь өгч байгаа юм” гээд хэдэн төгрөг өгөх юм уу, үгүй юм уу,  мэдэхгүй. Уул нь ялихгүй мөнгө л дөө. Улсын их хурлын “идээчин”-гүүдийн халаасалчихаад байгаа мөнгөний дэргэд бол дуслын төдий юм. Тэгэхэд л сонгуулийн шоу болгох гэж хүлээгээд, хувь эзэмшигчид нь орой болгон радио телевизээр сураглаад байгаа. Магадгүй, коронавирус дэгдсэн учир эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байна гээд бүр өгөхөө больж ч мэднэ.

Дөрөв дэх нь,  одоогийн Ардын нам, МАХН-нэртэй, С.Баяр дарга байх үеийн нэг үнэт цаас бий.  Бас л сонгуульд зориулж гаргасан үнэт цаас. “Бид хичээе, та дэмжээрэй! Иргэн таны сонголтоор баталгаажна” гэсэн уриатай , “Эх орны хишиг иргэн бүрт” гэсэн батламж бичиг л дээ. Нэг сая таван зуун мянган төгрөгний үнэтэй үнэт цаас. Чингисийн зурагтай, алтан соёмботой их гоё үнэт цаас. Манай гэрийнхэнд л гэхэд дөрвийг хадгалуулсан. Одоо хүртэл салхи ороогүй л байгаа. Орон даяар тараасан энэ их мөнгөний үнэт цаасанд хэчнээн хүн хууртаа бол. Одоо яг ийм амлалт, үнэт цаас босч ирлээ. Би Ардын намын ахмад гишүүн, энэ намыг жинхэнэ шудрага ардын нам болоосой хэмээн, нэгэн насны амьдралаа өргөж яваа буурал. Одоо хаширсан. Би, иргэддээ “Та нар Манай нам, миний намын төлөө саналаа өгч л тэнэгтэв дээ!” хэмээн захисаар явна.

 

Тав дахь үнэт цаас нь тэтгэврийн зээл аваагүй, шудрага үнэнчдээ хохироод явж байгаа 194 мянган өндөр настан. Өөрөөр хэлвэл энэ төрд буруу үзэгдэн хаягдагсад. Тэдэнд, ялгаварлан доромжилсноо нуух гэж  нэг сая төгрөгийн үнэт цаас амлаад байгаа. “Үнэт цаас”, “Бонд”, “Ваучер” гэх мэтийн олон нэртэй үлгэр ярьж, тархийг нь угаасаар. Ямарч нэртэй байлаа гэсэн 194 мянган ахмадаа хуурч байгаа энэ үнэт цаас эхнээсээ л бүтэл муутай, үнэмшил султай.

Хамгийн гол нь олгох хугацаагаа хүртэл нарийн тооцоолсон. Дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ид үе буюу, 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг сонгож авсандаа байгаа юм. Өнөөдрийн төрийн гурван өндөрлөг нууцаар хуйвалдаад биеэсээ зайлуулчихсан. Зүгээр л үлгэр ингэж эхлэдэг гэсэн үг. Хэрэв өндөр настныхаа төлөө санаа тавьсан бол Засгийн газарт тэрбум тэрбумаараа мөнгө хэвтэж байгаа. Зөвхөн ЖДҮ, Концесс, оффшорын хулгайчдынхаа мөнгийг татаж  авахад л хэдэн настан байтугай монголчуудын цалин тэтгэврийг хэд дахин нэмчих мөнгө бий. Ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй, шудрага дайчин хүн Монголд минь өнөөхөндөө даанч заяасангүй дээ.

 

Манай эрхэм дээдэс ч, бидний тархийг бараг яснаас нь гаргаад угаачих юм. Яг үнэндээ тэтгэврийн зээлийг тэглээгүй. Ерөнхийлөгч маань “тэглэсэн” гэж амлаад, Засгийн газар хэрэгжүүлсэн боловч зүгээр л жаахан тэгшитгэсэн “Тэглэнэ” гэдэг чинь бүр “0” болгоно гэсэн үг шүү дээ. Тэгтэл зургаан саяас дээш зээлтэй нь энэ л хэмжээний зээлээ тэгшитгээд, бусдыг нь төлөх хэвээрээ л байгаа. Үүнийг чинь “тэтгэврийн зээлийг тэглэлээ” гэдэггүй юм. Тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмад настандаа гомдлыг нь тайлах гэж хүн тус бүрд нь хүртээх нэг  сая төгрөгний үнэт цаас хаана яваа нь бүү мэд. Салхитын алт мөнгөний орд ажиллаж эхлээд ашиг олвол түүнээсээ бонд босгож настнууддаа хялайлгах юм гэнэ. Мөн ч их зай байнаа даа. Нэг хэсэг ахмадууд нь жил зургаан сарыг хүлээлгүй, бурханы оронд оччихно. Юун байгалийн баялгийн тэгш хуваарилалт, юун эх орны хишиг, баярлаж чадалгүй явчих хугацааг зориуд сонгож авсан байгаа.

Энэ, нэг жил таван сарын хугацаанд чинь их өөрчлөлт гарахыг эрхэм дээдэс тооцоолсон байгаа. Сонгуулиар ямар нам ялж, ямар засаг тогтох нь тодорхойгүй байгаа шүү дээ. Ер нь тэгээд энэ өвчний байдлаас харвал сонгууль явагдах юм уу?! Нийгмийн сэтгэл зүйг ажиглавал, энэ МАНАН мафийн хулгайчдыг дахиж гаргахгүй, шинэ улс төрийн хүчин, шинэ хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн дуу хоолой давамгайлж байх шиг. Эрх баригч Ардын нам өөрсддөө хамгийн их санал өгдөг ахмад настнуудаа ялгаварлан гадуурхчихаад ямар нүүрээрээ сонгуульд орох юм , бүү мэд.

Ажиллаж эхлээгүй, нөөц нь бүрэн тогтоогдоогүй Салхитын алт мөнгөний ордын ашгаас үнэт цаас босгоод, нэг жил таван сарын дараа түүгээрээ 194 мянган ахмад настандаа байгалийн хишиг хүртээнэ гэдгийг хүлээвэл “Энэ үнээний царай үхсэн тугал гарна” гэдэг үг л болох байх.

Монгол дахь үнэт цаас нэр зүсээ хэчнээн өөрчилсөн ч бахь л байдаг төрийн луйвар хэвээрээ.  

 

 

Г.ЖАМЬЯН

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч