Нам, эвслүүд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байна. Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх 60 тэрбум, ЖДҮ, концесс, оффшорын асуудалд нэр холбогдсон гишүүдээ дахин нэр дэвшүүлэхгүй  гэж мэдэгдсэн.  Мөн ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ.

Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг дэмжинэ гэж байв.   Гэвч албан ёсоор зарласан МАН-ын нэр дэвшигчид дунд 60 тэрбум, ЖДҮ, концесс, оффшор, мөрийтэй  тоглоомын хэрэгт нэр холбогддог эрхмүүд багтжээ.  Түүнчлэн, асуудалд орооцолдсон, улс төрийн хувьд нэр нь сэвтэй аймгийн дарга нар ч нэр дэвшихээр орж ирсэн байна.  

Тухайлбал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут УИХ-ын 20 дугаар тойрогт нэр дэвшинэ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар АТГ шалгаж эхэлсэн. Тодруулбал, Засаг дарга Д.Батлут Орхон аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчид компанид тендер зарлалгүйгээр 300 сая төгрөгийн шууд худалдан авалтыг өгчээ. Мөн одоогоос жил гаруйн өмнө Д.Батлутыг “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том оврын автомашинуудыг авч унасан талаарх баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв.  Уг асуудлаар АТГ-аас өнгөрөгч дөрөвдүгээр сард хэрэг бүртгэл нээж шалгаж, прокурорт хаагдсан байдаг.

Орхон аймгийг 2016-2020 онд удирдаж, өдгөө барьцаа ахиулан УИХ-ын гишүүнд өрсөлдөхөөр эрхээ аваад байгаа түүнийг хийсэн хэргээ хаацайлж, уснаас хуурай гарахаар оролдож байна гэж хардах хүмүүс байна. Учир нь Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрх мэдлээ ашиглан 150 сая төгрөг авсан байж болзошгүй мэдээлэл байгаа юм.

Мөн Төв аймгийн Засаг дарга Д.Батжаргал УИХ-д өрсөлдөхөөр МАН-аас орж ирэв.  Тухайн тойрогт хэд хэдэн хүн нэр дэвшихээр бэлтгэл базаагаад байсан ч Засаг дарга Д.Батжаргал, Найрамдал зуслангийн захирал  Д.Гантөгс нарын нэр гэнэт орж ирэв.  Ж.Батжаргалын хувьд тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад Засаг даргаар томилогдсон байдаг.  Түүнтэй холбогдох хэргийг ч хуулийн байгууллага шалгаж байна.  Тухайлбал,  Төв аймгийн Аргалант суманд зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Эх сурвалжийн мэдээллээр Төв аймагт болох хуралд яарч, хурд хэтрүүлсний улмаас  энэхүү осол болж, хүний амь эрсэдсэн мэдээлэл байсан юм.

Өвөрхангай аймгийн  Засаг дарга Г.Ганболд мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.  Сумын барилгын тендерээс эхлээд уурын зуух, зам гээд Өвөрхангайд авч болох бүхий л тендер Засаг даргын гараар орсон гэж ярих хүмүүс бий.   Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг.

Учир нь Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг 2017 онд тус аймгийн удирдлагууд байгуулжээ. Ингээд тус компанийнхаа “эргэлтийн хөрөнгө”-д зориулж нэг тэрбум төгрөгийг орон нутгийн өмчит “Баянтээг” хувьцаат компани /ХК/ олгохыг зөвшөөрөх тухай тогтоолыг ИТХ-ын дарга А.Ишдорж гаргасан байна. Иймд аймгийн ИТХ-ын даргын тогтоолын дагуу “Баянтээг” ХК 1 тэрбум төгрөг гаргаж, Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг санхүүжүүлжээ. Энэ нь компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байгаа гэдгийг иргэдийн гомдолд дурджээ.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин