Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа Монгол улсын иргэн Б.Винтов  нь улаан буудайг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж болохгүйг мэдсээр байж Монгол Улсын хилээр саадгүй нэвтрүүлэх хууль бус үйлдлийг далдлах зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Алтай групп”-ын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн албан бичгийг үйлдэн, Дорнод аймгийн Халхгол сум дахь Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, ААТ ХХК-д давуу байдал бий болгосон,

ААТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О-тэй бүлэглэн Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтын 23 дугаарт зааснаар стратегийн хүнсэнд багтсан 49 шуудай буюу 2332 кг улаан буудайг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг албан тушаалынхаа байдлыг ашиглаж удирдан зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус буруутгагдан шалгагдсан байна.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр нь шүүгдэгч Б.Винтовыг “албан тушаалынхаа байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхэд хамтран оролцсон, зохион байгуулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолоор Цоохор овогт Б.Винтовыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг бүлэглэн, албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Улмаар  Б.Винтовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар буюу нийт эдлэх ялыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон юм.

Б.Винтовт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон.

Тэгвэл 2020 оны 01 сарын 30-ны өдөр  энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүхэд болсон. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна.

Харин Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ.

 

Бид энэ хэргийг шүүхээс хэрхэн шийдсэн талаар эргэж мэдээлсээр байх болно.