“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д эмчлүүлээд эх орондоо ирсэн билээ.

Түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор болж, ханийнхаа амийг аварсан. Урлаг соёлынхон, монгол түмэн хоёр хайртай дуучныхаа, урлагийн гэр бүлийнхээ төлөө “Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аяныг өрнүүлж, эрвийх дэрвийхээрээ тусласан юм. Тэд цахим хуудсаараа лайв хийн, монгол түмэндээ талархсанаа илэрхийллээ. Эл лайвыг буулгаснаа сонирхуулъя.

Б.Чинбат (Б.Ч):- Хүүхэд байхаасаа би элэгний өвчин туссан. Цэцэрлэгт байхдаа шарлаад, эмнэлэгт эмчлүүлсэн. Тухайн үед нийгэм ямар байлаа.  Нэг удаагийн тариур байгаагүй. Нэг зүүгээр бүх хүнийг тарьдаг байсан. Тэгээд л би элэгний вирус авчихсан юм. Үүнтэйгээ маш олон жил тэмцэж байлаа. Эмч тайлбарлахдаа “Вирус өөр хүнд халдахгүй, олон янз бий” гэсэн. “Давтагдашгүй” тоглолтон дээр миний бие үнэхээр муу байсан. Арайхийж дуусгасан. Нэлээд хүндэрсэн үе нь байсан л даа. 2011 он юм байна. Түүнээс хойш тэвчиж, шүдээ зууж явсаар өдий хүрээд байсан юм. Урлагийн хүн болохоор уран бүтээлдээ сэтгэл зориулж, эрч хүч авч байлаа. Гадаад, дотоодод хийх тоглолтуудын ард яаж гарна даа л гэж боддог байв. Элэг энергийн эрхтэн. Миний эрх хүчийг маш их булаадаг байлаа. Ийм маягаар олон жил явчихсан. Анх элэгний, хатууралтай, вирустэйгээ 2010 онд мэдсэн. Охины минь заяа намайг түшсэн. Түүнээс хойш янз бүрийн газар үзүүлсэн. Аялан тоглолт хийгээд их ядарна. Чикагогийн эмнэлэгт үзүүлэхэд “Элэгний маш их хатууралтай байна. Удахгүй үхнэ” гэсэн. Тухайн үед өгсөн нэг эмийг уухаар толгой их өвдөнө, дотор муухайрна.

“Хязгааргүйн цаана” тоглолтыг гурван өдөр тоглосон. Би юу ойлгоогүй, хөгжмүүдээ л сайн тоглох ёстой гэж бодсон, хичээсэн. Ямар ч байсан дуусгасан. Тоглолтоосоо маш их энерги, хүч авсан. Дараа нь “Никитон”-ы 25 жилийн ойн тоглолт, аялан тоглолтуудыг давж гараад тэгээд л ёстой нам унасан. “Никитон”-ы реалити шоуг дуусгаж чадаагүй, дундаас нь орхисон. За, тэгээд л ёстой нам унасан үе л дээ. Олон жил эмчлүүлсэн Сансармаа эмч маань надад мэс засалд орохыг зөвлөв. Тэгээд Ж.Чинбүрэн эмчид үзүүлэхээр очлоо. Бас болоогүй ээ. АНУ-ын нэг шоун дээр хамтарч байсныгаа дуусгах гээд онгоцны тасалбар авчихсан. Тэгсэн чинь Ж.Чинбүрэн эмч аймар уурласан. “Чи чинь ямар сонин хүн бэ. Бие чинь ийм хүнд байхад юун шоу. Өөртөө яасан их хайргүй хүн бэ” гэсэн. Тэгэхэд би өөрөө аймар ичсэн. Ж.Чинбүрэн эмчийн үг намайг сэрээсэн. Онгоцны тасалбараа “үхүүлээд”, АНУ-ын шоуны ажлаа зохицуулсан.

Ц.Сарнай (Ц.С) :- Их гүрийсэн л дээ. “Хязгааргүйн цаана” тоглолт 2018 онд болсон. Гүрийгээд жил тойрон явчихсан байгаа байхгүй юу. Элэг хүнийг ядраагаад, туйлдуулаад байдаг юм билээ. АНУ-д очвол сайхан сэргэчих юм болов уу гэж бодож байлаа. Сансармаа эмч хоёр, гурван жилийн өмнөөс “Элэг солиулах хэрэгтэй” гэж хэлж байсан. Надад аймар санагдсан, арай тийм дээрээ тулахгүй байлгүй дээ гэж бодсон. За, бие бэлдээрэй, донор олоорой гэж захина. Ж.Чинбүрэн эмчид үзүүлэхээр очсондоо их баярладаг.

Б.Ч:- Тухайн үед “Никитон”-ны найзууд маань надад үнэхээр их туслаж, хань болсон. Энэ зөвхөн миний л асуудал учраас бусдаас хандив авалгүй, өөрөө давах сонирхолтой байлаа. Тэгэхэд Батчулуун “Үгүй ээ, хандивын тоглолт хийе” гэхэд нь би дургүйцсэн. Мэдээж бид баян хүмүүс биш. УИХ-ын гишүүн Б.Наранхүүд хандахад үнэхээр чин сэтгэлээсээ тусласан. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзуулсан. Тэр хүн миний фэн байж таарсан. “Би чамд туслах миний үүрэг” гэж хэлэхэд нь миний нулимс туссан. Наранхүү ах надад 300-гаад сая төгрөг өгсөн. Тэгээд БНСУ-ыг зорилоо. Бие нэлээд муудсан.

Ц.С:- Өмнө нь бид хоёр гадаад эмчлүүлсэн туршлагагүй. Тэгж эмчлүүлнэ, төлбөр нь тэд, мэс заслын дараа тэд хононо гэсэн ерөнхий тооцоололтой. Тэгээд иймэрхүү зардал гарна гээд төсөөлөв. Гэтэл яг санасан, тооцоолсноор болдоггүй юм билээ. Хань минь мэс засалд орох боломжгүй, заавал эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Өртөг өндөртэй газар сарын эмчилгээ хийлгэхэд хэчнээн төгрөгний зардал гарсан нь тодорхой.

Уг нь эндээс явахдаа Чинбаагийн маань эгч донор болохоор тогтон, бүх шинжилгээгээ өгөөд очсон юм. Гэтэл нэг өдөр эмч “Донор чинь болохгүй нь ээ. Элэг нь жижигдэж байна. Залуу хүний элэг байх тусмаа зүгээр. Эгч нь донор болох боломжгүй боллоо” гэсэн. За, тэгээд донорын асуудал гарч ирсэн. Яагаад ч юм бэ, надад нэг тийм совин төрөөд байсан юм, Монголоос явахаас өмнө. Донорын тухай судалж байгаад “Эхнэр нь донор нь болж болдгийг” мэдсэн. Тэгээд эндээс очихоосоо өмнө өөрийгөө бэлдсэн юм. БНСУ руу явахынхаа өглөө шинжилгээ өгөв, бүх хариу нь сайн гарсан. Түүнийгээ аваад явсан. Бид хоёрын цусны бүлэг адилхан. Сүндэрээ маань “Бүр болохгүй бол найз нь донор болно. Чинбаатай адилхан” гэсэн.

Тэгээд эмч нартаа “Би ханийнхаа донор нь болъё” гэв. Энэ хооронд Чинбаагийн бие улам муудаад, цаг хугацаатай уралдсан юм л даа. Гурван бүтэн өдөр, шөнө бүх шинжилгээг надаас авахад таарсан. Хамгийн сүүлийн шинжилгээг дахиад авахаар болсон. Жирийн байх хэмжээнээс хэт сайн гарсан гэнэ л дээ. Тэгэх тусмаа сайн байдаг юм байна. За, тэгээд Чинбаагаа, өөрийгөө бэлдэв. Чинбаагийн бие сайжирч, мэс засал хийлгэх боломжтой болсон. Чингис хааны мэндэлсэн, өвлийн эхэн сарын шинийн нэгэнд хоёулаа мэс засалд орсон юм. Яг өмнөх өдөр Ж.Чинбүрэн эмч Монголоос ирэхэд үнэхээр баярласан.

Б.Ч:- Хань минь надад элгээ өгөхөөр болсныг сонсоход үнэхээр хэцүү. Яагаад гэвэл өөрөөсөө илүү ханиа хайрласан юм л даа. Бүх юмаа дотроо түгжээд, энэ талаар ярилцаж чадахгүй байсан юм. Асар их эрсдэл гаргаж байгаа шүү дээ. Бид хоёр гурван жаахан хүүхэдтэй. Мэс засалд орохын өглөө хүртэл эвгүй байлаа. Мэс засалд орон ортлоо юу ч ярьж чадаагүй. Хоёулаа бие биенийхээ гараас бариад суув. Ээж “Сарнай өрөөнөөсөө гарахдаа нүүрээ хөнжлөөр таглаад явна. Айчихаж” гэж бодсон юм билээ.

Ц.С:- Кинон дээр гардаг шиг аймар санагдаад, гэрэл харахгүйн тулд тэгсэн юм л даа.

үргэлжлэлийг эндээс