Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг өнөөдөр /2020.06.11/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Тэрбээр сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй бөгөөд түүнийг энэ сарын 9-ны өдөр шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тэрбээр уг мөнгийг байршуулаагүй юм. Тиймээс өнөөдөр болсон шүүх хурлаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ сарын 16-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан аж.

Хэргийг нэхэн сануулбал, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт нййслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.