Өнгөрөгч зургадугаар сарын 24-нд буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын шөнө танхайрснаас үүдэлтэй бүлэг зодоон болжээ.

Тодруулбал, эл өдрийн шөнийн 03.00-04.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллагад “Хүн хутгалуулж бэртсэн” хэмээх дуудлага ирсэн аж.

Дуудлагын дагуу очиход иргэн Н.Е нь Ж-гийн хоолой болон, уушгин тус газарт нь хутгалж, ноцтой бэртэл учруулсан байна. Өдгөө цагдаагийн байгууллагаас Н.Е-г саатуулан, шалгалтын ажиллагааг хийж байгаа гэв.

Хохирогч Ж-д тус аймгаас сонгогдсон Б.Бейсэн эмч хагалгааг хийжээ. Тэрээр биеийн байдал хүнд Улаанбаатар хотыг зорьсон гэх мэдээлэл байна.

Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар эл хэрэг нь сонгуулийн дүнтэй хамааралгүй, хувийн өш хонзонгоос болсон гэх. Хутгалуулсан залуу Ж зодооныг эхлүүлж, Н.Е-гийн 4 шүдийг хугалаад, автомашиных нь цонхыг хагалж танхайрсан гэв. Улмаар уур нь хүрсэн Н.Е, хохирогч Ж-г хутгалсан аж. Иргэн Ж фитнессээр хичээллэдэг, өндөр нуруутай биерхэг залуу бол, иргэн Н.Е нь пауэрлифтингийн 2017, 2019 оны аварга гэх мэдээлэл байна.