Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт байрлах Баянгүрэм амралтын газраас “Хийлдэг гудсан дээр хүн хөвөөд явчихлаа” гэсэн дуудлага 2020 оны долдугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Энэхүү дуудлага мэдээллийн дагуу шалгахад 42 настай “Г” гэгч нь өөрийн нэг настай охины хамт нуурын эрэгт хийлдэг гудас дээр унтаж амарч байгаад сэрэхэд Гүрмийн нуурын гол гүн хэсэг рүү хөвөөд явсан байна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн А.Анхбаярын хамт түргэн шуурхай ажиллаж сумын төвөөс хийлдэг завь хантааз, авто машины олгой хийлж, нуурын дунд хэсэгт хөвж байсан аав, охин хоёрыг учирч болох эрсдэл, аюулаас аварсан байна.

  Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Эргэн сануулахад эдгээр алба хаагчид нь 2020 оны долдугаар сарын 14-ний өглөө 09:30 цагт иргэнээс тус нууранд “Манай 4 хүүхэд нууранд живлээ, авраарай” гэх дуудлага мэдээллийн дагуу түргэн шуурхай, зоримог ажиллан 5-8 насны 4 хүүхдийн амь насыг аварсан билээ. Иргэд та бүхэн нуурын эрэг, хөвөөнд хийлдэг гудастай унтаж амрахаас болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв