УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хорооны ху­ралдаан өчигдөр 13.00 цагт эхэлсэн юм. Уг ху­ралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн уурхайн нүүрсний олборлолт, борлуулалтын талаар мэдээлэл сонслоо.

Гэвч хуралдааныг хаалттай хаалганы цаана хийсэн юм. Гадны хөрөнгө оруулагчид болон бизнесийн нууцад хамаарах зүйлс яригдах  учраас тэр гэнэ.  Энэхүү хуралдаанд "Эрдэнэс Та­ван толгой" компанийн удирдлагууд сууж, Таван толгойн өр болоод одоогийн нөхцөл байдал, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн байна.  Тухайлбал, баруун Цанхийн уурхай дээр үндэсний олборлогч болох "Монгол уурхайчин" буюу "Хишиг арвин", "Мера", "Эмно" гэсэн гурван компанийн нэгдэл ажиллаж байгаа.  Нүүрсний зах зээл одоогоор хүнд байгаа ч Таван толгой компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай компанийн төлөөлөгчид  хэлжээ. 

Мөн он гарснаас хойш төлбөр тооцооны асуудал нь хүндэрч оператор ком­панийнхаа  олборлосон сая тонн нүүрсийг борлуулж чадаагүй зэргээ дурдсан бололтой.  Одоогийн байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн өр,  авлагатай хэдий ч  үүнийгээ ойрын үед төлж барагдуулахаар Таван толгой компанийнхан ажиллаж байгаа, төлж барагдуулах бүрэн боломжтой гэдгээ ч ярьсан байна.  Ер нь бол тэдний тооцоолсноор сая тонн нүүрсийг хамгийн хямдаар зарахад дор хаяж 60-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалт хийх тооцоотой байгаа аж.  Энэ үеэр  Эрдэнэс Таван толгойнхон Монголын нүүрсийг сонирхогчид нэмэгдэж эхэлсэн тухай ярихад байнгын хорооны гишүүдийн зүгээс  үнэн юм уу, найдлага байгаа юм уу гэх мэтээр лавлаж байсан гэнэ.  Түүнчлэн гишүүд "Таван толгойн дансанд мөнгө бий юу. Байгаа байдлаа үнэнээр нь хэл. Өр зээлийн асуудал ямар байна" хэмээн асуусан байна. Тэгэхэд нь Я.Батсуурь дарга  "Таван толгойн данс улайсан" гэдгийг ч нуулгүй шулуухан хэлсэн дуулдана.  Ажилчдынхаа цалинг арай гэж  тавих хэмжээнд хүртэл санхүүгийн асуудал нь хүндэрсэн гэдгээ үнэнээр л хэлсэн сурагтай.  Үүнийг нь сонссон байнгын хорооны гишүүд  "Мөнгөгүй юм бол түүнийгээ хэлэхгүй яагаад байгаа юм.  Иргэдэд болон бидэнд хий дэмий  найдлага төрүүлээд байх юм" хэмээн шүүмжилсэн байна. Таван толгой нүүрсээ өндөр үнэ хүргэж чадахгүй байгаа шалтгааны талаар хуралдааны үеэр нухацтай ярьцгаасан гэнэ. Нүүрсээ түүхийгээр нь худалдсанаас мөн он удаан яригдаж байгаа төмөр замын асуудлаас болж нүүрснийх нь үнэ навс унаж буй тухай хэлэлцсэн байна.  Өнөөдөр ОХУ нүүрсийг түүхийгээр нь гаргахыг хориглож зах зээлд баяжуулан гаргаж байна. Энэ жишгээр манай улс явах хэрэгтэй байгааг ч сануулах гишүүд байж. Монгол Улс төмөр замын царигийн асуудлаасаа болж маргалдаж байх хооронд бусад орнууд Хятадын зах зээлд нөлөөллөө тогтоож байна гэх шүүмжлэл ч өрнөсөн байна. Гашуунсухайт хүртэл хил дамнасан 20-30 км урт экспортын  тээврийг хийхэд тонн тутамд нь одоогийн байд­лаар 8-9 ам.доллар зарцуулж байгаа бол төмөр зам ашиглалтад орсноор 5-6 ам.долларын хэмнэлт гарах гэнэ.  Тиймээс төмөр замын царигийн асуудлыг яаралтай шийдэх тухай ч яригдсан байна. Анх Таван толгойн гэрээг үзэглэсэн МАН-ынхан зах зээлд нэг тонн нүүрсийг 90 ам.доллараар зарах бүрэн боломжтой байсан ч 70 ам.доллараар гэрээлснээс бүх зүйл үүдэлтэй тухай энэ үеэр хөндөгдсөн байна.  Үүнээс хойш манай нүүрсний үнэ унаж  өнөөдөр 37-38 ам.долларт хүрсэн гэдгийг ч холбогдох хүмүүс нь тайлбарласан бололтой.  Таван толгой компани 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авчихсан. Үүнийгээ төлөх гэж  өнөөдрийг хүртэл таван сая тонн нүүрс олборлосноос хоёр сая тонныг нь борлуулсан тухай эх сурвалж хэлсэн юм. Байнгын хорооны гишүүдийн шүүмжилсэн өөр нэг асуудал нь Таван толгой алдагдалтай ажилласан тухай байжээ.  "Хувийн хэвшил алдаг­далгүй ажиллаад болоод байхад улсын компани яахаараа ийм байдаг юм" хэмээн асуух гишүүд олон байсан гэнэ. Ямартай ч өнгөрөгч онд Таван толгой компани 70 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Тиймээс байнгын хорооны гишүүдээс цаашид Таван толгойгоос нүүрс  олборлох, ашиглах эрхийг нь гадна, дотнын компаниудад өгөх хэрэгтэй гэдэг санал ч гарсан сурагтай.  Мөн дахин нүүрс худалдан авч байгаа компаниудын амнаас гарсан үнээр нүүрсээ борлуулж болохгүйг Эрдэнэс таван толгой компанийнханд анхааруулснаар Эдийн засгийн байнгын хорооны хаалттай хуралдаан өндөрлөсөн байна.  

Э.ЭНХ