Бага насны хүүхэд, тэр дундаа охидоо хараа хяналтгүй орхисноос болж бусдын халдлагад өртөх тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаргийн 16.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд орших айлын зургаан настай охиныг хүчирхийлсэн этгээд зугтсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, дэслэгч О.Мөнхжаргал, эрүүгийн мөрдөгч, дэслэгч Т.Бэлгүтэй нар хэргийн газарт ажиллаж, гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн гэнэ. Уг хэргийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 30 настай Б.Б үйлдэн хэргийн газрын хажуугийн хашаанд байрлах байшингийнхаа дээврийн хонгилд нуугдсан байсан аж. Гэмт этгээд нь хохирогч охины бүл ах бөгөөд охиныг “Дэлгүүрээс гоё юм авч өгье, чихэр авч өгнө” хэмээн хуурч мэхлэн, дагуулан явж, эзэнгүй амбаарт хэргээ үйлдсэн нь эд мөрийн болон бусад нотлох баримтаар тогтоогдож буй гэнэ.