Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.08.27-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлосон байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, А.Гантулга, Ю.Алтангэрэл,  Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож болно.

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлээд байгаа юм. Гэвч шүүх хуралдаанд оролцогчид шүүхэд хүсэлт гаргаж удаа дараа хойшлуулсаар байгаа. Шүүгдэгч нарыг буруутгаад байгаа зүйл ангийг тодруулбал, 

148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. / Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна./

265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах

265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

268 дугаар зүйл. Хээл хахууль авах

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших

1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.

Хэргийг эргэн санавал, “Хөгжлийн банкны” банкнаас санхүүжүүлсэн “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ. А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэлтэй аж. Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн аж. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан” гэв.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд болон хувийн хэвшлийн дарга нартай холбоотой энэ хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.