Жилээс жилд бяцхан үрсийн эрх зөрчигдөж, эрүүл мэнд, амь хохирсон гэх хэргүүд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр хөвөрч, иргэдийг айдас түгшүүрт автуулсаар буй.

Угтаа иргэд гэдэгт хүүхэд, аль эсвэл халамжийн мөнгөөрөө амь зуулгаа хийж, амьдралын төлөө эр хүнээс дутахгүй хөдөлмөрлөж буй эхчүүд орно.

Ийм л нийгэм, тогтолцооны хохирогч болсон эх, үр хоёрын кэйс уржигдар /2020.08.25/ орой 18:00 цагийн үед Хан-Уул дүүрэгт болжээ. Тодруулбал, нөхөртэйгээ муудалцаж зодуулахдаа найзынхаа ажиллаж, амьдардаг орон сууцны подвалын өрөөнд хоноглож байсан 30 орчим насны эмэгтэй архидан согтуурч улмаар нялх хүүхдээ ч ухаарах сөхөөгүй нам унтсан аж. Эхийнхээ энгэрт манцуйндаа тарвалзах гурван сартай хүү нь хүйтэн хонгилд хоолойгоо сөөтөл уйлж, ээрсэн ч эх нь сэрсэнгүй. Золоор тухайн байрны хажуугаар өнгөрч явсан хажуу байрны оршин суугч бүсгүй хүүхдийн сөөнгө хэр нь бахардсан хоолойг сонсож, цоожтой хаалгыг нь эргэлзэлгүйгээр эвдээд оржээ.

-ЭХ НЬ АРХИДАН СОГТУУРСНЫ УЛМААС ГУРВАН САРТАЙ ХҮҮГЭЭ Ч АНЗААРАХ УХААНГҮЙ НАМ УНТЖЭЭ-

Нүүр нь цэлдэн хөхөрч, бага зэрэг халтайсан боловч хүүхдийн нялх хонгор үнэр нь арилаагүй гурван сартай хүү эхийнхээ хажууд уйлаад хэвтэж байсныг харсан аж. Иймд хүүхдийг гэртээ яаралтай авчирч, Хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаадийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийн байгууллагаас дуудлагын дагуу очиж хүүхдийн эхийг найзынх нь хамт авч явсан байна. Оройн 21:00 цагийн үед тус дүүргийн цагдаагийн байгууллагаас аврагч бүсгүй лүү залгаад,

“Ээж нь согтуу, эрүүлжүүлье гэхээр хөхүүл, 108 руу илгээе гэхээр согтуу учир бас л болохгүй, гаргаад явуулахаар хүүхдийг нь шууд өгөх хэцүү байна” хэмээх зүйлсийг хэлж аргаа барсан байдалтай утсаа тасалсан аж. Холбогдох албаны хүмүүс ирж хүүхдийг авах хүртэл бүсгүй хүүг усанд оруулж, өмссөн хувцсыг нь угаагаад хүүхдүүдийнхээ хувцсаар бүрэн хувцаслажээ.

Хүүхдийг анх аварсан бүсгүй өөрийн цахим хуудаст анх оруулсан мэдээллийнхээ дор ийн бичсэн байна.

“Хамгийн гол нь дотогшоо ороход эх нь үхсэн, аль эсвэл тасарсан нь мэдэгдэхгүй байсан  учир хүүхдийг нь бушуухан авч гараад цагдаа дуудсан. Хүүгийн хоолой сөөсөн байсан. Гэвч асаргаа дутаагүй, бойжилт хэвийн харагдсан учир санаа амарсан. Ээж нь магадгүй ганц удаа нэг бүтэлгүй найздаа уруу татагдаж дээ гэж бодсон” гэжээ.

Тухайн өдрийнхөө оройн 23:00 цагийн үед хүүгийн эх, аврагч бүсгүй дээр ирсэнд, тэрбээр зэмлэнгүй ч санаа зовсон өнгөөр юу болсон тухай асуухад:

“Уучлаарай, урд шөнө унтаагүй юм. Нөхөр зодоод, бид муудалцаад хүүхдээ аваад гэрээсээ зугтсан. Өглөө нэг л пиво уусан” гээд уучлал хүссэний дараа хүүгээ аваад явсан аж”. Болсон процесс ердөө нь энэ. Үүнд нэмэлт тайлбар илүүц биз.

-ОРЦНЫ ПОДВАЛООС ОЛДСОН ГУРВАН САРТАЙ ХҮҮГ ДҮҮРГИЙН ТҮР ХАМГААЛАХ БАЙР РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Иймд бид дээрх мэдээллийн мөрөөр уг байр луу очиж, оршин суугчид болон холбогдох албаны хүмүүсээс зарим зүйлсийг тодруулсан юм. Хүүхэд хамгаалах 108 төвийн ажилтантай холбогдон хүүхдийн нөхцөл байдлыг тодруулахад:

“Өчигдөр /2020.08.25/ орой Хан-Уул дүүрэгт бага насны хүүхэд хараа хяналтгүй байна гэдэг дуудлага ирсний дагуу манайхаас шалгасан. Тухайн хүүхэд нь Хан-уул дүүрэгт харьяалагдаж байсан учир дүүргийнх нь түр хамгаалах байр руу шилжүүлсэн. Манай байгууллага нь холбон зуучлах үүрэгтэй тул тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийг цагдаагийн байгууллага эсвэл харьяалагдах ГБХЗХГ-т хүлээлгэн өгдөг” гэв.

үргэлжлэлийг эндээс