“Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс О.Оргил хэмээх бясалгагч бүсгүй алга болоод сар гаруй хоног өнгөрч байгаа билээ.  Энэ хэргийг холбогдох байгууллагууд шалгаж, эрж хайж буй хэдий ч одоо болтол ямар нэгэн сураг гараагүй байна. 

Хэргийг эргэн сануулбал, Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байсан 27 настай эмэгтэй алга болсон байдаг. Тодруулбал, иргэн О.Оргил сураггүй алга болсон дуудлага өнгөрсөн долдугаар сарын 31-ний 22:35 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлага хүлээн авснаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч дүүргийн Цагдаагийн газраас авсан мэдээллийн дагуу наймдугаар сарын 2-нд эрэн хайх ажиллагааг түр зогсоосон аж. Улмаар энэ сарын 5-нд ар гэрийнх нь зүгээс дахин хүсэлт гаргаснаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, эр гэрийн хоёр хүн нийт хоёр автомашин, арван морьтойгоор эрэн хайх ажиллагаа явуулсан юм. 

Энэ удаад буюу наймдугаар сарын 26-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Эрлийн ажиллагаанд  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид оролцон “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” хэмээх газруудыг хамруулан 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч сураггүй болсон иргэнтэй холбоотой  зүйлс олж тогтоогүй байна.