УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.28/ ээлжит хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга, зарим гишүүнийг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Учир нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар тэтгэврийн насанд хүрсэн учраас сайн дураараар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. 

Одоо хэрэгжиж буй хуулиар УИХ 5, Ерөнхийлөгч 2 хүнийг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй. Хоёр хүнийг нь Улсын  Дээд шүүх нэр дэвшүүлдэг аж. 

Иймээс УИХ ЦЕГ-ын дарга Ж.Болд, УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн газрын дарга н.Түвшинжаргал,  хуульч н.Дэлгэрнаран нарыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг дэвшүүлсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Ж.Болд, Д.Даваа-Очир нарыг СЕХ-ы гишүүнээр томиллоо.